Монгол Улсын Засгийн газар "Зах Петролиум" -тай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар ажиллаж байна

Мэдээ

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зах Петролиум" компанитай газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахаар ажиллаж байгаа талаар Ашигт Малтмал, Газрын Тосны Газраас мэдээллээ. Тус компани газрын тосны "Шарга 3" талбайд хайгуул хийхээр төлөвлөж байна.

Үүнээс гадна Өмнөговь, Дорноговь аймгийн нутгийн хамран оршдог "Галба 11" болон Дорноговь аймагт орших "Эргэл 12" газрын тосны талбайн хайгуулын ажил дуусаж, нөөцөө батлуулахаар бэлтгэж байгаа аж. Эдгээр талбайд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Smart Oil Investment", "Зонхэн Юу Тиан" компаниуд хайгуулын ажлыг нь гүйцэтгэжээ. “Smart Oil Investment” компани 2016 оны есдүгээр сард "Эргэл 12" талбайд хайгуул хийхээр болсноо зарлаж, нийт 36.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Ийнхүү түүнээс хойш ес орчим сарын дотор нөөцөө тогтоох хэмжээний илэрцийг олж тогтоосон байна.

Одоогоор Монгол Улсын хэмжээнд 21 компани нийт 25 талбай дээр газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан хайгуул хийж, газрын тос олборлож байна. Ялангуяа “Петрочайна Дачин Тамсаг” компани XIX, XXI талбай дээр, “Доншин” компани Зүүнбаянд олборлолт хийж байгаа ажээ. Эндээс жилд 1.1 сая орчим тонн түүхий газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 200-аад тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа талаар АМГТГ-аас мэдээллээ. Харин компанийн хувьд 2017 онд газрын тосны хайгуулд 100 орчим сая ам.долларын хөрөнгө зарцуулахаар төлөвлөсөн байна.

Газрын тосны IV, V талбайд нөөц тогтоох хэмжээний илэрц илрүүлсэн “Петро Матад” компани 45.2 сая ам.долларын санхүүжилт татаад байгаа ажээ. Лондоны Хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компани цаашид үргэлжлүүлэн хөрөнгө оруулалт татахаар зорьж байна. Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Wolf Petrolium” компани Баруун Урт, Жинст талбайд хайгуул хийж байгаа юм. Хайгуулын ажилд 4.4 сая ам.доллар шаардлагатай гэж тогтоожээ. Одоогоор санхүүжилт татахаар “Sam Group”-тай хэлэлцээ хийж байгаа гэж тус компани мэдээллээ.



САНАЛ БОЛГОХ