Дональд Трамп: Террористуудтай тэмцэхдээ зөвхөн АНУ-ын дэмжлэгийг хүлээх шаардлагагүй

Мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа хүлээн авснаас хойших анхны гадаад албан айлчлалаа өнгөрсөн амралтын өдрүүдэд эхлүүллээ. Тэрбээр бямба гарагт Саудын Арабт тус улсын өндөр дээд албаныхантай уулзсан байна. Дональд Трампын хувьд Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын уулзалтад оролцож, Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод цугларсан удирдагчдад хандан "Террорист байгууллагуудтай тэмцэхдээ зөвхөн АНУ-ын дэмжлэгийг хүлээх шаардлагагүй" гэж мэдэгдсэн юм. Мөн тэрбээр террористуудын эсрэг тэмцэл бол "сайн ба муугийн" хоорондын тэмцэл гэдгийг дурджээ. Түүний энэхүү айлчлалын хүрээнд АНУ-ын компаниуд батлан хамгаалах, эрчим хүч, дэд бүтцийн салбарт олон тэрбум ам.долларын хэлэлцээр байгуулсан байна. Энэ талаар АНУ-ын бизнесийн төлөөлөл болон удирдлагуудтай хэд хэдэн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурж, "үр дүнтэй" уулзалт хийснийг Саудын Арабын Сангийн сайд баталгаажуулжээ. Үүнээс гадна Дональд Трамп хэт туйлшрал, терроризмтой тэмцэж буй Исламын шашинт улсуудын хүчин чармайлтыг таатайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлсэн байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Хэрвээ бид террористуудын эсрэг тэмцэхгүй бол үр дүнд нь юу болохыг бид мэдэж байгаа. Энэ тэмцэл бол өөр соёл иргэншил, өөр бүлэглэлийн хоорондын тэмцэл биш. Харин энэ бол ард иргэд болон шашны эсрэг нүгэл үйлдэж буй гэмт этгээдүүдийн эсрэг тэмцэл юм. Ард иргэд амьдралаа болон өөрсдийн шашнаа хамгаалахыг хүсэж байгаа. Тийм учраас бид үнэт зүйл, ашиг сонирхлоо харилцан хүндэтгэсэн түншлэлийн харилцааг санал болгохоор энд хүрэлцэн ирсэн. Энэ бүс нутаг дахь бүх улсууд террористуудад хүлээн зөвшөөрөх зүйл байхгүй гэдгийг ойлгож, үүрэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Бид "Исламын улс" бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлж, тэдгээр террористуудын цэрэг, дайчдад туслах ёсгүй" гэж мэдэгдсэн байна.




САНАЛ БОЛГОХ