Хассан Рухани Ираны Ерөнхийлөгчөөр дахин сонгогдов

Мэдээ

Ираны Ерөнхийлөгчөөр Хассан Рухани улиран сонгогдлоо. Тэрбээр санал хураалтын эхний шатад 57 хувийн санал авч үнэмлэхүй ялалт байгуулсан талаар Ираны Дотоод хэргийн яам мэдээлсэн байна. Харин түүний гол өрсөлдөгч болох шашны хатуу чиг шугамыг баримтлагч төдийгүй Ираны Дээд удирдагч Аль Хаминейгийн дэмжлэгийг авсан Ибрахим Райси 38.5 хувийн санал авчээ. Ираны Ерөнхийлөгч Хассан Рухани “Иранчууд олон улстай харилцаагаа сайжруулж, харилцан хүндэтгэл, эрх ашигт тулгуурласан бодлого явуулахыг дэмжлээ. Бид энэ сонгуулиар дамжуулж бүсийн хэмжээнд аюулгүй байдлыг уриалж байна. Үүгээрээ ардчилсан зарчмыг бат бэх болгохыг зорьж байна. Өнөөдөр Иран улс олон улстай харилцаатай байх замналыг сонгож байна гэдгийг дэлхий нийтээр маш тод харж байгаа байх. Манай улс олон улстай энх тайван, нөхөрлөлийн харилцаатай байхыг хүсэж байна. Бид аюул заналхийлэл, ичгүүртэй байдлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн баасан гарагт болсон Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх эрхтэй 56 сая хүний 41 сая нь саналаа өгсөн байна.

Ираны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн баталгаажсаны дараа Хассан Руханиг дэмжигчид олон мянган иргэн Тегераны төв гудамжинд цугларч, баяраа тэмдэглэцгээжээ. Энэ үеэр Хассан Рухани ард түмэндээ хандаж "Ираныг хөгжил дэвшлээс ухраахыг хүссэн хүмүүст үгүй гэж хэлж чадлаа" хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн "Ираны иргэд халдлага, хүчирхийлэл биш харин эв нэгдлийг хүсэж байна, цаашид хориг саад, аюул заналхийлэл дунд амьдрахгүй" гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Ираны Ерөнхийлөгчөөр улиран сонгогдож буй Хассан Рухани нь Ираны эдийн засгийг олон улстай холбох бодлого баримтлахаа амласан байна. Хэдий тийм боловч энэхүү санаачилга хэр ахицтай хэрэгжих нь тэрбээр Ираны Дээд удирдагч Аль Хаминейтэй хэр сайн хамтарч ажиллахаас шалтгаалах ажээ. Аль Хаминей нь Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүний өрсөлдөгч Ибрахим Райсиг дэмжиж байжээ. Цаашлаад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь мөн чухал нөлөөтэй аж. Тэрбээр 2015 оны Ираны цөмийн хэлэлцээрийг шүүмжлээд зогсохгүй тус улсын пуужингийн хөтөлбөртэй холбоотойгоор Ираны эдийн засгийг эсрэг хориг арга хэмжээ авах шийдвэр гаргасан юм.




САНАЛ БОЛГОХ