Япон улсын экспорт 7.5 хувиар өсөв

Мэдээ

Япон улсын экспорт дөрөвдүгээр сард жилийн өмнөхөөс 7.5 хувиар өслөө. Ингэснээр тус улсын экспорт таван сар дараалан нэмэгдсэн төдийгүй сүүлийн 10 жилийн хамгийн удаан үргэлжилж буй өсөлт болж байна. Үүнээс гадна Японы импорт дөрөвдүгээр сард 15.1 хувиар тэлснээр худалдааны тэнцэл нь 481.7 тэрбум иений ашигтай гарсан байна. Японы экспорт ийнхүү өсөхөд БНХАУ-д хийсэн худалдаа нэмэгдсэн нь голлох нөлөөг үзүүлжээ. Дөрөвдүгээр сард тус улсаас БНХАУ-д хийсэн экспорт 14.8 хувиар нэмэгдсэн бол АНУ руу хийсэн худалдаа 2.6 хувиар өссөн байна.

Олон улсын хэмжээнд ялангуяа БНХАУ-ын эрэлт нэмэгдэж байгаа нь Японы экспортод эерэг нөлөө үзүүлж байгаа аж. Мөн иений ханш сул түвшинд хадгалагдсаар байвал экспортлогч компаниудад ашгаа өгөх юм. Түүнчлэн хэрэв экспортын үзүүлэлт сайн хэвээр байвал Япон улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ онд дахин 0.5 хувиар өснө гэж шинжээчид таамаглажээ.




САНАЛ БОЛГОХ