Монгол Улсыг ОУВС-ийн хөтөлбөрт хамруулах эсэхийг лхагва гарагт эцэслэн шийдвэрлэнэ

Мэдээ

Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөлийн хурал энэ сарын 24-нд хуралдаж, Монгол Улсыг “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамруулах эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ. Гадаадын төслүүдийн борлуулалтын орлого, мөнгөн урсгалыг Монголын банкнуудаар дамжуулахыг шаардсан УИХ-ын тогтоолын дэд заалтыг УИХ хүчингүй болгосон юм. Тийм учраас одоо Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдахад өөр бэрхшээл байхгүй гэдгийг эрх баригчид болон бизнесийнхэн онцолжээ. Монгол Улс “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдсанаар Олон Улсын Валютын Сангаас ирэх гурван жилийн хугацаанд жилийн 1-2 хувийн хүүтэй 440 сая ам.долларын зээл орж ирнэ. Эргэн төлөлтийн хугацаа нь 4.5-10 жил үргэлжлэх юм. Энэхүү зээлийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахаар төлөвлөж байна.

Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр”-т хамрагдахын өөр нэг давуу тал нь Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх явдал юм. Хөтөлбөрийн хүрээнд орж ирэх зээлээс гадна Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк болон бусад зээлдэгч орнуудаас нийт 5.5 тэрбум ам.долларын нэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлийг Монголд олгох хүлээлттэй байна. Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл сайжирч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, төгрөгт итгэх итгэл сэргэх ач холбогдолтой гэдгийг Монголбанк онцоллоо.

Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт тулгарч байгаа гол бэрхшээл нь төсвийн алдагдал, гадаад өрийн дарамт, төлбөрийн тэнцлийн алдагдал, банкны секторын эрүүл мэнд гэдгийг Төв банк мэдээлсэн юм. Монгол Улсын хувьд 2009 онд Олон Улсын Валютын Сангийн “Stand By” хөтөлбөрт хамрагдаж, хөнгөлөлттэй зээл авч байв. Хэдий тийм боловч энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжсэн ч хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн шинэчлэлүүдээ хадгалж чадаагүй байна. Банкны бүтцийн өөрчлөлт маш чухал байсан" гэдгийг Олон Улсын Валютын Сан 2011 онд мэдээлж байжээ.




САНАЛ БОЛГОХ