Омбол ХХК: "Хепсинат-ЛП" эмийн үнийг хямдруулж, “2+1” төсөл хэрэгжүүлж эхэллээ

Мэдээ

Засгийн газрын хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд шаардагдах 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, харин найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон. ЭМЯ-ны мэдээлснээр сүүлийн 10 жилд элэгний хорт хавдар нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийг эзэлж байна. Элэгний С вирусийн эсрэг эмүүдийг дотоодод “Омбол” компани “Азифарм”, “Монгол эм импэкс" концерн мөн “Монос" групп борлуулж байна. Эдгээр компани "Харвони", Ледвир, Хепсинат-ЛП зэрэг таван нэр, төрлийн эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж байгаа юм. “Омбол” компанийн хувьд Хепсинат-ЛП эмийн үнийг хямдруулж, “2+1” төслийг хэрэгжүүлж эхэлснээ өнөөдөр мэдээллээ.

Өөрөөр хэлбэл эхний хоёр эмийг тус бүр 140 мянган төгрөгөөр харин гурав дахь эмийг үнэгүй олгохоор болжээ. Үүнээс гадна “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд орон даяар нэгдсэн бүртгэл явагдаж байна. Энэ сарын 25-нд дуусгавар болох бүртгэлийн дараа элэгний В, С вирусийн эхний илрүүлэг шинжилгээнд хамрагдах боломжтой талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэдээлсэн юм.



САНАЛ БОЛГОХ