Хүний хөл үл тасрах сувилахуй
Мэс засалд өдөрт 2-3, долоо хоногт 10 гаруй хүн ордог
“Анх ходоод жаахан өвддөг байсан. Яваандаа горойж хоол орохоо больсон. Ингээд нэг хувийн эмнэлэгт очиж, ЭХО- гоор харуулсан. Тухайн үед эмч надад юу ч хэлээгүй боловч манай нөхөрт ходоодноос хавдар илэрсэн гэдгийг хэлсэн байсан. Ээжийгээ байнга эмнэлэгт үзүүл гэж хэлэхэд нь үзүүлчихдэг л байж дээ” хэмээн хэлээд инээмсэглэж буй хүрэн өнгийн тайрмал үстэй, өөрт нь тун аятайхан харагдах том нүдний шилтэй, нүдэнд дулаахан бүсгүй ердөө 32 настай. Тэрбээр хувийн эмнэлэгт үзүүлснийхээ дараа шууд Хавдар судлалын үндэсний төвийг зорин ирж үзүүлээд хагалгаанд яаралтай орох болсон аж. Тэгэхдээ бичиг баримт, шинжилгээгээ бүрдүүлэхийн тулд 14 орчим хоногийг зарцуулсан байна. Ингээд бүх шинжилгээгээ өгч дуусаад ирэхэд нь дотуур цус алдалттай, хавдар нь ходоодныхоо амсар хэсэгт байрласан тул бусад эрхтэндээ үсэрхийлж, хугацаа алдахгүйн тулд тав хоногийн өмнө шууд хагалгаанд оржээ. Одоо түүний бие сайжирч, оёдлоос өөр зовиурлах зүйл байхгүй болжээ.
Яаралтай мэс заслын энэ тасагт ганцхан ходоодны хорт хавдартай биш элэг, нойр булчирхай, бөөр гээд хэд хэдэн хагалгаанд орох болон хагалгааны дараах хүмүүс хэвтэн эмчлүүлнэ. Өрөө тасалгааны зай талбайд агаарын солилцоо сайн явагдах шаардлагатай тул хоёр, эсвэл гурван хүн нэг өрөөнд байх ёстой. Ходоодны хорт хавдрын мэс засалд өдөрт 2-3, долоо хоногт 10 орчим хүн ордог. Түүнчлэн бусад эрхтний хорт хавдрын хагалгаа үүнтэй мөн адил хэмжээнд байдаг гэж бодвол өдөрт 20 орчим, долоо хоногт 50 гаруй хүн ордог байж таарна. Тэгэхээр хорт хавдрын өвчлөл гуч биш гурван сая гаруйхан хүн амтай Монгол оронд ямар их байгааг тодхон харж болно.
Хавдар судлалын үндэсний төв ажлын төдийгүй амралтын өдөр ч хүний хөлөөр тасардаггүй. Тус эмнэлэгт хандан эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан. Түүнчлэн 25-30 орчим насныхан ч бий. Ингээд бид яаралтай мэс заслын тасгийн баруун талын хамгийн захын өрөөнд ортол хөрслөг бор царайтай ах сууж байлаа. Тэрбээр 25 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирж, ХСҮТ-ийн эмчид үзүүлээд 1.5- 2 см хэмжээтэй хавдартай гэж оношлогдсон тул мэс засалд шаардагдах шинжилгээгээ бүрдүүлж, 24 цагийн дараа хаагалгаанд орохоор болжээ. Хавдартай гэдгээ мэдэхээс өмнө ямар ч зовиургүй байсан аж. Эндээс гарч гурав дугаартай өрөөнд ороход ходоодны мэс засалд ороод 5-6 хонож байгаа 40 орчим насны хоёр эмэгтэй хэвтэж байлаа. Тэд ч мөн хавдрын мэс засалд орохын тулд багагүй цаг хугацаа, мөнгө зарцуулжээ. Учир нь тус төв Монголын цорын ганц хавдраар дагнасан эмнэлэг. Өдөрт хандаж буй хүний тоо тоймгүй олон. Мэс засалд орох гээд хүлээгдэж буй хүмүүсийн дараалал ч урт байдаг юм билээ гэж хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүд хэллээ. Шинжилгээ өгөхөөр цахим бүртгэлд дугаарлаж байгаа хүмүүсийн товлосон хугацааг үзвэл сар, хоёр сарын дараах өдөр бичигдсэн байв.
» Эмчлүүлж буй хүмүүсийн дийлэнх нь 40-өөс дээш насныхан.
» Хавдар судлалын үндэсний төв ажлын төдийгүй амралтын өдөр ч хүний хөлөөр тасардаггүй.
» Хагалгааны дараа юу ч идэж уухгүй бөгөөд бие нь тэнхэрсэн тохиолдолд өдөрт 50, эсвэл 60 грамм ус уудаг.
Үүнээс хорт хавдрын өвчлөл эрт үедээ биш хожуу илэрч байгааг мэдэхээс гадна өдрөөс өдөрт өвчлөлийн тоо нэмэгдэж байгааг ч харж болно. Хавдар судлалын үндэсний төвийн ходоодны хорт хавдрын мэс заслийн эмч нарын хэлж буйгаар өвчтөнүүдийн дийлэнх нь хүндэрсэн хойноо буюу гурав, дөрөвдүгээр шатанд орчихсон, зарим нь бүр бусад эрхтэндээ үсэрхийлчихсэн байхад эмнэлэгт ханддаг аж. Хожуу шатандаа оношлогдоод байгаа эдгээр хүний дийлэнх нь ходоодныхоо 50 хувийг тайруулах юм уу бүхэлд нь авахуулдаг байна. Хагалгааны дараа юу ч идэж уухгүй бөгөөд бие нь тэнхэрсэн тохиолдолд өдөрт 50, эсвэл 60 грамм ус уудаг. Энэ нь мэдээж хэт цочрол өгөх болон мэс заслын дараа мөрдөх ёстой чухал дэг. Хүнд хагалгааны дараа өвчтөнүүд хоолны хатуу дэглэм барьж, эхний гурван сар дан бантан, зутан зэрэг шингэц сайтай хоол идэхээс гадна давсны хэрэглээгээ ч багасгана. Мөн уух шингэнийхээ хэмжээг нэмэгдүүлдэг байна.
Биднийг өвчтөнүүдтэй ярилцаж байхад гаднаас сувилагч орж ирээд "Мэс засалд орох гэж байгаа хүмүүсээс усанд орсон уу, амжаагүй бол энд орж болно. Аяга, халбага сэрээ хэрэггүй шүү" гэж хэлээд хагалгаа эхлэх цаг, хэдий хугацаанд үргэлжлэх, хэн гэдэг эмч гардан хийх зэрэг бүх талын зөвлөгөө, мэдээллийг өгч байлаа. Учир нь мэс засалд орохын өмнөх өдөр өвчтөн 18 цагаас хойш юу ч идэж уухгүйгээр биеэ бэлддэг аж.
Хагалгаанд оролгүйгээр эрт үед нь оношлуулж, эмчлүүлсэн бол… гэх үгийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн бүр хэлнэ. Эрт илрүүлэлтийн шинжилгээ, оношилгоо хийлгэх нь ямар чухал болохыг ч хэлж байлаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй