Сонгуулийн дараах МАН

Нийтлэл

М.Энхболд Ерөнхийлөгчөөр сонгогдвол төрд ч, намд ч олон суудал эзгүйрэх нь

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгохтой зэрэгцэн МАН-д улс төрийн сонгууль эхэллээ. Гэхдээ их сунгааны өмнө нам жим гэдэг шиг эрх баригч хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд бүхий л анхаарлаа хандуулж байгаа учир дотоод сонгуулийн кампанит ажил алгуурхан өрнөж байна. Тус намын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсноор хэд хэдэн суудал урьдчилсан байдлаар эзгүйрсэн нь дотоод сонгууль өрнөх шалтаг, шалтгаан болов. Тодруулбал, энэ удаагийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН ялалт байгуулбал УИХ-ын нөхөн сонгууль болохоос гадна спикерийг шинээр сонгох нөхцөл байдал үүснэ.

Үүнээс гадна М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан ч, ялагдсан ч МАН-ын удирдлагыг шилжүүлэх үүргийг намын дүрмээрээ хүлээж буй. Өөрөөр хэлбэл, М.Энхболд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдвол намын харьяаллаас татгалзах учиртай. Харин Төрийн тэргүүний сунгаанд бүдэрвэл хариуцлагаа хүлээж, МАН-ыг удирдах эрхээ өөр хүнд шилжүүлэхээр байгаа. Товчхондоо, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Төрийн тэргүүнээр сонгогдвол төрд ч, намд ч олон суудал эзгүйрэх нь.


Эзэнгүй болсон албан тушаал бүрийн төлөө МАН-д дотоод сунгаа өрнөнө. МАН-ын дарга хэн ч болсон намын аппаратаа шинэчлэх нь гарцаагүй. Мөн аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны даргыг өөрчлөх гээд томоохон шинэчлэл өрнөх байх. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН хэсэгтээ л сонгуульдах нь.
» МАН ялалт байгуулбал УИХ- ын нөхөн сонгууль болохоос гадна спикерийг шинээр сонгох нөхцөл байдал үүснэ.
» Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН хэсэгтээ л сонгуульдах нь.
» МАН-ын дараагийн удирдагчийн сунгаанд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр өрсөлдөх нь нэгэнт тодорхой ажээ.
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хөшигний ард өрнөж буй МАН-ын дотоод сунгаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх нарын нэр дуулдаж байна. Ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг сонгодог зарчим бий. Гэхдээ энэхүү зарчим урвуу байдлаар үйлчлэх, эсэхийг МАН- ын дарга М.Энхболд шийдэх бололтой. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлж буй Ж.Эрдэнэбат МАН-ын даргаар томилогдвол дээрх сонгодог зарчим урвуу байдлаар үйлчлэхэд хүрнэ. Засгийн газрын тогтвортой байдлыг хангах гэх нэрийн дор МАН-ын удирдлагын жолоог Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад атгуулах хүсэл М.Энхболдод бий. Улс төрийн ууган хүчин удирдаж байгаад Төрийн тэргүүн болсон хүн намаа хяналтаасаа гаргаж, нөлөөгөө алдахыг хүсэхгүй л байх.

Харин Шадар сайд У.Хүрэлсүхэд МАН-ын дарга болох томоохон амбийц бас хүсэл бий. Учир нь УИХ-ын сонгуулийн дараа МАН албан тушаалын “бялуу” хуваарилахдаа түүнд багахан зүсэм ногдуулсан тул туйлын сэтгэл гонсгор үлдсэн. Өөрөөр хэлбэл, түүнийг тойрон хүрээлэгчид буюу Зүүний хүчний холбооныхон албан тушаалын хуваарилалтад гар бие оролцож чадаагүй юм. Нөгөөтэйгүүр, түүний амбийц намын даргын албан тушаалаар дуусахгүй. Ялсан намын дарга нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг сонгодог зарчмаа баримтлан Ерөнхий сайдын сэнтий рүү тэмүүлэх нь тодорхой. Үүнээс харвал МАН-ын дараагийн удирдагчийн сунгаанд Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх хоёр өрсөлдөх нь нэгэнт тодорхой ажээ.
САНАЛ БОЛГОХ