Зуун дамнасан өв тээгч

Амьдралын хэв маяг

Зуу гаруй жилийн настай арслантай авдрыг 1.5-2 сая төгрөгөөр үнэлж байна

“Ээж минь есөн эрдэнэтэй, Ганжуур, Данжуур зэрэг үнэт судар бүхий хоёр бор авдрыг надад өвлүүлж өгсөн. Залуу, юм мэддэггүйн гайгаар судруудаа Гандангийн танихгүй ламд өгч, есөн эрдэнийг нь үрээд дуусгасандаа их харамсдаг. Одоо арслантай хоёр авдар л үлдлээ. Бараг 100 гаруй жилийн настай эд учраас хүүхдүүддээ үрэн таран хийж л болдоггүй юм шүү гэж захидаг” хэмээн Б.Цогзолмаа гуай ярив. Түүн шиг эцэг, эхээсээ арвин түүх тээсэн авдар өвлөсөн хүн цөөнгүй бий.

Авдар бол нүүдэлчин монголчуудын эрхэм эд зүйлсээ хадгалж ирсэн, ав, аваад дар гэсэн үгнээс гаралтай сав юм. Буйраа сэлгэж нүүхдээ тэмээндээ ачаад явна. Хэрэв өдгөө уламжлагдан ирсэн авдар ямар эзний гараар дамжин, хэрхэн өнөөдөртэй золгосноо хүүрнэж чаддагсан бол бүгд л сонирхолтой түүх өгүүлэх байсан биз. Говийн догшин ноён хутагт Данзанравжааг 1856 онд таалал төгсөхөд шавь нар нь түүний бүтээсэн бурхан, ном болон хэрэглэж байсан дээл, хувцас, шашны эд зүйлсийг цуглуулан 1500 гаруй авдарт хийж, тусгай сүм байгуулан хадгалжээ. Эдгээрийг Дорноговь аймгийн Өвөр баясгалант Хамарын хийдэд хадгалж байсан ч 1938 оны хэлмэгдүүлэлтийн үеэр ихэнхийг нь сүйтгэсэн. Харин залуу лам Л.Түдэв шөнийн цагаар хийд рүү нэвтэрч, авдартай эд зүйлсийг бага багаар зөөсөөр 64 авдрыг газарт булж, нууж чадсан гэдэг. Тэрхүү 64 авдар эд зүйлсийг маш сайн хадгалсан бөгөөд 1990 он гарсны дараа олон нийтэд ил болгожээ. Хэлмэгдүүлэлтийн үеэс “амь гарсан” эдгээр зүйлсийг Хамарын хийдэд буцаан авчирч, олон нийтэд сонирхуулж буй.

Өдгөө ОХУ-ын Эрмитажийн музейд 400 гаруй жилийн настай монгол модон авдар байдаг. Бат хаан болон түүний албатууд дайлаар мордож явахдаа тэр авдрыг үлдээсэн юм байна. Мөн Богд хааны ордон музейд буй эрдэнийн чулуугаар чимэглэсэн гоёмсог хээтэйгээс эхлээд энгийн бор авдар хүртэл бий. Эдгээрийн араас мөшгөвөл бас л бидний өвөг дээдэстэй холбоотой сонин түүх өгүүлэх биз. Монголчууд айлд авдар байх нь буян хишиг арвиждаг гэж үздэг. Уран, гоёмсог хийцтэй нь ховор учраас тухайн айлд тун өвөрмөц чимэг болдог. Тиймээс 1990 оноос хойш настнуудын гэрт л хааяа харагдаг байсан монгол авдрыг залуус ч мөн сонирхох болжээ.

Эрмитажийн музейд 400 гаруй жилийн настай монгол авдар бий
Дөрвөн жилийн өмнө сийлбэртэй авдар болон бусад модон эдлэл хийж гараагаа эхэлсэн “Монгол сийлбэр” компани өдгөө 28-600 мянган төгрөгийн үнэтэй төрөл бүрийн монгол авдар үйлдвэрлэж байна. 18х15х12 см хэмжээтэй жижиг авдрын дээр нарийхан зүсэж, мөнгөний авдар болгожээ. “Шаазан мөнгөний гахай нэг удаагийн хэрэглээ. Харин энэ авдрыг хэдэн ч удаа хэрэглэж болно. Хамгийн гол нь хүүхдүүдэд авдрын өв соёл, хэрэглээг таниулахад чухал үүрэгтэй” гэж тус компанийн зохион байгуулагч И.Ичинхорлоо хэлэв. Эднийх мөн 30х23х20 см- ийн хэмжээтэй буян хишгийн авдар хийдэг. Үүнд таван өнгийн хадаг, сур, арц, шагай, хурганы арьс, буудай, есөн эрдэнэ зэргийг хийж хадгалдаг юм байна. Хүмүүс Цагаан сар, төрсөн өдөр, шинэ байрны найр зэрэгт авдар бэлэглэх нь түгээмэл болжээ. Жилийн аль ч үед авдрын худалдан авалт төдийлэн буурдаггүй байна.


Авдрыг бүтээх, хэрэглэхэд өөрийн гэсэн уламжлал, дэг бий. Авдрыг хийхдээ модыг нарийн технологийн дагуу шахдаг байна. Ихэвчлэн алхан, усан, үүлэн, түмэн насан, өлзий хээг сийлдэг. Дээр нь арслан, таван хошуу мал, эрдэнийн чулуу зэргийг сийлэхдээ монгол зургийн аргыг ашигладаг. Тиймээс авдар бол түүхээс гадна соёлын өвийг тээгч юм. Айлд хоёр болон түүнээс дээш тооны авдар байвал зохистой гэж үздэг юм байна. Арслантай авдар нь эд зүйлсийг хамгаалдаг учраас хоёр захад нь тавьж, голд нь хамгийн үнэтэй хөрөнгөө хадгалсан авдраа байрлуулдаг байв. Харин дөрвөн хүчтэнтэй нь гэрийн эздийн аз хийморийг бэлгэддэг юм байна. Орчин үеийн орон сууцад нэгээс илүү авдар байрлуулах хэцүү. Тиймээс эр, эм арсланг хоёуланг нь сийлснийг хүмүүс ихэд сонирхон худалдан авдаг болжээ.

Монгол хийцтэй авдар дээрээ тагтай байдаг. Харин 1990 оноос хойш хийсэн авдруудыг орос тавилгын адилаар урдаа тагтай хийдэг болжээ. Мөн загвар, хийцийн хувьд арьс, төмрөөр чимэглэх, гонзгой хэлбэртэй болгох гэх зэргээр янз бүрээр өөрчлөн хийж байна. Тухайлбал “Цахим гал” ХХК нууц өрөөтэй авдар хийжээ. Эдний гоёмсог төмөр тоноглолтой авдруудын зарим нь 15 сая төгрөгийн үнэтэй.

Эртний эдлэл цуглуулагчид 1900 оны эхээр хийсэн, 100 гаруй жилийн настай арслантай авдрыг хэдээр үнэлдэг талаар сонирхоход 1.5-2 сая төгрөгийн үнэ хэлж байна. Харин ийм хуучин авдрыг засаж, сэргээхэд 250 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Манайд эртний авдар цуглуулагчид цөөнгүй бий. Тухайлбал, “Сонгдо” эмнэлгийн захирал С.Болдсайханд будаг нь халцарсан монгол модон авдрын цуглуулга бий гэнэ. Тус эмнэлгийн хоёр болон тавдугаар давхарт ийм “өвгөн” авдрууд байдаг. Үүнийг монголчууд төдийлэн анзаардаггүй ч гаднынхны хувьд сонин үзмэр болдог юм байна.

Хуучны авдар нь эртний эдлэлд орох учраас он жил улирах тусам үнэд орно. Дээр үед авдрыг жилд өчнөөн олон удаа нүүдэлд ашигладаг байсан. Гэсэн ч өдгөө өвлөгдсөн авдруудын будаг, гадна тал нь хуучирснаас эвдэрч, цуурсан нь нэн ховор. Хүний гарт үрэгдэхгүй л бол дахиад хэдэн зууныг ч элээж мэднэ. Авдар бол тухайн айлын удмын буян хишиг, үүх түүхийг агуулдаг эд. Тиймээс таны гэрт ийм хуучны эд байдаг бол зарж борлуулахаас татгалзаж, өв соёлыг тээж яваагийн хувьд нандигнан хадгалаарай.
САНАЛ БОЛГОХ