Хяналтгүй хүнсний заналхийлэл

ЗГМ: Цуврал

Антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгч нянгууд улсын хилээр нэвтэрсээр

Төрийн аппаратууд хөдөлж эхэллээ. Тусгаар Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө, тугаа мандуулсан энэ улсын хүнсний аюулгүй байдлын тухай манай сонины хөндөж буй “Биополитикийн золиос” цуврал нийтлэл шийдвэр гаргагчдын сонорт хүрсэн бололтой. Ямар ч байсан төрийн бодлогын түвшинд үр дүнгээ өгч эхлэв.

ХХААХҮ-ийн Сайдын А-04 тушаалаар Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн дэх эмийн үлдэгдлийг хянах үндэсний хөтөлбөрийн төсөл боловсруулах Ажлын хэсэг байгуулж, хөтөлбөрийг 2017 оны II улиралд багтаан боловсруулахаар үүрэгджээ. Энэ талаар тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д.Хүрэлбаатар “Уг төлөвлөгөөг боловсруулах Ажлын хэсэг байгуулан, мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эмийн үлдэгдлийг хянах үндэсний хөтөлбөр боловсруулж байна. Энэ ондоо багтаад хөтөлбөрийг Засгийн газраар батлуулах зорилготой” гэв.

Мөн ХХААХҮ, ЭМ-ийн сайд нарын хамтарсан А-49, 50 дугаар тушаалаар Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлаад удаагүй байна. Хүн төрөлхтний өөрсдөө бий болгосон “Чимээгүй цунами” гэгдэх антибиотикийн тэсвэржилтийг үндэсний хэмжээнд тогтоох, хянах, тандалт хийх, цаашлаад урт хугацааны бодлоготой болоход уг төлөвлөгөө чухал юм.

Ивермектинийг хориглож, бусдыг нь цэгцэлнэ

Энэ сарын 1-нээс мал эмнэлэгт хамгийн өргөн хэрэглэдэг ивермектин хэмээх эмийг хоёр жилийн хугацаанд шинээр бүртгэхийг хориглох шийдвэрийг ХХААХҮЯ-ны Малын эмийн салбар зөвлөлөөс гаргасан байна.

Мал эмнэлэгт хэрэглэдэг нийт антибиотикийн 61 нь ивермектиний агууламжтай. Малын гадна, дотно шимэгч хорхойн эсрэг хэрэглэдэг энэ эмийг шинээр бүртгүүлэхээр жилд бараг 10 хүсэлт ирдэг гэнэ. 2017 оны байдлаар манай зах зээлд ивермектиний найрлагатай антибиотик 60 орчим мянган литрээр хэмжигдэж буйг албаны эх сурвалж хэллээ.


Өнөөдөр ХХААХ ҮЯ-ны Малын эмийн салбар зөвлөлд нийт 750 орчим эм, био бэлдмэл бүртгэлтэй. Үүний 14 хувь буюу 100 гаруй нь антибиотик. Малын эмийн зах зээл жилд дунджаар 70 шинэ “гишүүн”-ээр өргөждөг. Бас био бэлдмэл гэж нэг гай байна. Тоо хэмжээгээрээ нянгийн эсрэг үйлчилгээтэй эмтэй бараг ойролцоо бөгөөд нэлээд хэсэг нь антибиотикийн найрлагатай, өсөлт дэмжих зорилготойг Д.Хүрэлбаатар ярилаа. Сүүлийн үед хурдны морь, эрчимжсэн мал аж ахуй, махны чиглэлийн гахай, тахиан фермийг дагаад антибиотиктой тэжээлийн импорт ч годон гутал, приус машиныхаас ялгаагүй ихэсчээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд ч малын тэжээл, био бэлдмэлийн талаар зохицуулалт байдаггүй. Хуулийн эл цоорхой дотоодын хүнсний үйлдвэрлэл, аж ахуйд антибиотикийн замбараагүй хэрэглээг улам бүр нэвчүүлж буйтай маргах хүн үгүй биз. Тиймээс энэ талын нэмэлт өөрчлөлтийг хуульд оруулах нь чухал байна. Ингэж байж худалдаанд байгаа эм, бэлдмэлийг хэн, хаанаас ямар хэмжээтэй оруулж ирдгийг хянах боломжтой болно.

Санхүүжилтийг нь шийдээд өгчих

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан энэ онд антибиотикийн үлдэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүнд онцгойлон анхаарахаар болжээ. Аливаа хүнсийг гаднаас нь хараад антибиотиктой гэдгийг нь мэдэхгүй тул тусгай багажаар шалгадаг. Үлгэр домог мэт санагдах ийм багажтай болох мөрөөдлийг түмний эрх ашгийн төлөө төрийн нэгэн аппарат тээж явна. Зорьсноо хэрэгжүүлэхээр ямар ч байсан хөдлөөд эхэлж. “Явуулын лабораторитой болох төсөл боловсруулаад, хөрөнгө санхүүжилтийг нь хөөцөлдөөд явж байгаа” хэмээн ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж даваа гарагт болсон Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр ярьсан юм.

Эрчимжсэн мал аж ахуй, гахай, тахиа, импортын мах, махан бүтээгдэхүүнд антибиотикийн үлдэгдэл байгаа, эсэхийг шинжлэх зорилготой уг шалгалтыг ЭМЯ, МХЕГ-тай хамтарч хийхээр төлөвлөжээ. Тиймээс хөрөнгө мөнгөний асуудлыг цаг алдалгүй шийдэх нь биополитикийн золиос болж буй буурай орны ард иргэдийн айдас, эргэлзээг тайлна гэдгийг анзаарах хэрэгтэй.

Өвчин үүсгэгч импортлогчид АНУ-ын Тагнуулын төв газарт техникчээр ажиллаж байсан Эдвард Сноуден жил гаруйн өмнө оросуудыг цочирдуулсан нэгэн мэдээлэл хийсэн. Хүний биед 10-12 жилийн турш шимэгчлэн амьдардаг, синтетик аргаар гаргаж авсан нянг зах зээлээ нээлттэй болгосон цагаас хойш АНУ-аас импортолж буй тухай Э.Сноудений дүрс бичлэг бүхий яриаг Оросын 56 дугаар суваг цацсан юм. Тус мэдээллийг дамжуулсан цахим хуудаст бичсэнээр энэ бол ОХУ-ын эсрэг эхлүүлээд нэлээд удаж буй АНУ-ын биологийн дайн гэдгийг Э.Сноуден онцолжээ.

АНУ-аас авч буй нийт импортынх нь 80 гаруй хувь ийм савханцартай бөгөөд баргийн шинжилгээгээр илрэхгүй болтол нь “далдалдаг” аж. Ийм савханцар хүний биед ормогцоо элэг, булчин, нүдний цөцгий, тархинд очиж, удаан хугацааны турш “эзэн”-ээ дотроос нь шимэгчлэн бойждог. Э.Сноудений ярьснаар ийм шимэгч “тэжээсэн” хүн тархины цус харвалтаар ихэнхдээ нас бардаг, магадлал нь 87 хувьтай гэж анхааруулжээ. Оросын статистик мэдээлэлд ч сүүлийн 20 гаруй жил цус харвалтаар нас барагсдын тоо үнэмлэхүй нэмэгдсэн гээд биологийн аргаар устгах үйл явц аль хэдийнэ эхэлсэн гэдгийг сануулсан байна.

Үүний дараа ОХУ 145 сая иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалахаар импортын бүтээгдэхүүнд өргөн хүрээтэй хяналт шалгалт хийсэн юм.

Тэгвэл манай улс ч гэсэн өвчин үүсгэгч нян импортолсоор байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ЖАЙ КА-ийн тусламжтай хийсэн судалгаагаар өвчин үүсгэгч кампилобактери БНХА У-аас хил даваад ороод ирж. Бүхэл бүтэн хүний геномын дарааллыг уншин, гарал үүслийг нь түвэггүй тайлдаг болсон энэ үед нэг ширхэг бичил биетний хаанаас гаралтайг тогтооход ядах юмгүй. Гэтэл уг бактери цувралынхаа өмнөх дугаарт онцлон бичсэн фторхинолин гэх антибиотикт 55 хувийн тэсвэртэй болсон байх юм. Уг нь Европын зарим орон, АНУ-д энэ антибиотикийг хүнсний салбарт хэрэглэхийг хориглосноор тэсвэржилтийг нь бууруулж чадсан. Харин манай өмнөд хилээр фторхинолины үлдэгдэлтэй хүнсний бүтээгдэхүүн орж ирдгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоочихсон ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна.


Мөн бусад төрлийн өвчин үүсгэгч нянгууд ч оксициллин, ванкомицин, гентамицин гээд өргөн хэрэглэдэг 12 төрлийн антибиотикт улам бүр тэсвэртэй болж буйг судалгаагаар тогтоосноо Мал эмнэлгийн хүрээлэнгийн Ур чадварын сорилтын лабораторийн чанарын менежер, доктор Ж.Энхтуяа хэлэв.

Олон улсын эксперт манай улсын био аюулгүй байдлыг хангалтгүй гэж үзжээ

Био аюулгүй байдал Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийг хянах гаднын экспертүүд өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж, үнэлгээ хийгээд явжээ. Хэдийгээр антибиотикийн тэсвэржилтийн тандалт, судалгаа хөгжиж буй гэж үзсэн ч био аюулгүй байдлаар хангалтгүй үнэлгээ авсан байна. Гэхдээ урмыг нь бодоод таваас хоёр оноо өгсөн гэнэ. Харин үнэлгээний дараа, үнэндээ манай улсад био аюулгүй байдлыг хангах тогтолцоо алга гэдгийг шинжээчдийн нэг нь аминчлан хэлснийг уг үнэлгээнд оролцсон албаны төлөөлөгч ярилаа.

Био аюулгүй байдлын үнэлгээг гурван үзүүлэлтээр шинжилдэг байна. Олон улсын туршлага, дотоодын нөхцөл байдлыг харгалзан лабораторийн дүрэм журмыг сайжруулах, голлох лабораторийн боловсон хүчнүүдэд био аюулгүй байдал, хамгааллын талаар сурталчлан таниулах хэрэгтэй аж. Тиймээс олон улсын экспертүүд нянгийн эсрэг үйлчилгээтэй эмийн тэсвэржилтийг зөвхөн хүн эмнэлэг төдийгүй мал эмнэлэг, хүнсний салбарт байнга хийх учиртайг зөвлөжээ.

Мэрэх хүн тогоо харна, мэргэн хүн гал харна гэгчээр ямартай ч ард иргэдийн хүнсний аюулгүй байдал, цаашлаад монгол махыг экспортлох ажилд анхаарч, тодорхой арга хэмжээ авч буйд талархаж байгаа ч сэтгэл тэнийх яагаа ч үгүй байна. Энхийн цагт ард түмний эрүүл мэндэд заналхийлсэн өвчин үүсгэгч нян тээгч хүсний бүтээгдэхүүн импортоор ирж ирсээр байна. Иймд хилийн хорио цээрийг чангатгах, хяналтын лабораторийн чадавхыг сайжруулах, шинжилгээний дүнг үйл ажиллагаандаа мөрдөж, шинэ зууны дайнд зэвсгээ агссан цэргүүд шиг бэлэн байх шаардлагатайг хяналтын байгууллагыханд дамжуулъя.
САНАЛ БОЛГОХ