Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ажлыг энэ онд эхлүүлнэ
-“Монголын төмөр зам” иргэдэд мега төслүүдээ танилцууллаа-
Зам, тээврийн хөгжлийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” хоёр дахь өдрөө Сүхбаатарын талбайд үргэлжилж байна. Энэхүү өдөрлөг нь дэд бүтцийн салбар, байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэд, олон нийтэд таниулах, шинээр нэвтрэх техник, технологи, үйлчилгээ, цаашид хийх ажлуудыг сурталчлах зорилготой. Үүнээс гадна одоо хэрэгжүүлж буй болон төлөвлөж байгаа төсөл, хөтөлбөрийн явцын талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч байна.
Улс орны хөгжлийг илтгэх зам, тээврийн салбартай олон нийт тэр болгон танилцах боломж гараад байдаггүй. Тэгвэл энэ өдөрлөгт ирснээр салбарын талаар багагүй шинэ мэдээллийг нэг дороос авч болох юм. Өдөрлөгийн үйл ажиллагаатай танилцах гэсэн олны хөл Сүхбаатарын талбайд үл тасарна. Чингэлтэй дүүргийн XII хорооны иргэн Д.Уртнасан өдөрлөгт ирсэн бөгөөд тэрбээр “Бидний хувьд төдийлэн төрийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаа, ажлын онцлогтой нь танилцах, мэдээлэл авах боломж, бололцоо гараад байдаггүй. Манай хүүхэд төмөр замын салбарын хүн болно гэж ярьдаг. Тиймээс “Улаанбаатар төмөр зам” болон “Монголын төмөр зам” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Олон төсөл, хөтөлбөр энэ салбарт хэрэгжих гэж байгаа юм байна. Ажил хэрэг болсноор залуучуудад шинэ ажлын байр бий болно. Хүүгийнхээ сонголтыг эцэг хүний хувьд дэмжих итгэл улам төрлөө” гэв.
Нээлттэй хаалганы өдөрлөгт “Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани оролцож, өөрсдийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төслийнхөө талаар мэдээлэл өгсөн нь олон хүний анхаарлыг ийнхүү татсан юм. Тус компани төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлох мега төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, “Шинэ төмөр зам” болон “Тяньжин дахь тээвэр ложистикийн төв” төслийг энд дурдаж болох юм.
Далайд гарцгүй манай орны хувьд төмөр замын хөгжилд анхаарал хандуулахаас аргагүй. Тиймээс 2010 онд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ баталсан. Энэхүү бодлогын үр дүнд ойролцоогоор 5683.5 км төмөр замын суурь бүтцийг гурван үе шаттайгаар шинээр барихаар шийдвэрлэсэн. Үүнийг ажил болгох үүргийг “Монголын төмөр зам” компани хүлээж, төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг улсаас олгосон билээ. Тус компанийн талаарх товчхон мэдээлэл хүргэе.
Төмөр замын суурь бүтэц барих, арчлах, төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, түрээслэх, засварлах, гадаад худалдаа зэрэг үндсэн чиглэлээр “Монголын төмөр зам” одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Хэрлэн өдөрлөгт оролцож буй иргэдэд компанийн үйл ажиллагаа болон төслийн талаар танилцуулав.
Тэрбээр “Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулж, “Тавантолгой-Гашуун сухайт” чиглэлийн төмөр замаас Оюутолгойн салбар төмөр зам, “Шивээ хүрэн-Сэхэ” чиглэлийн боомтын төмөр замыг барьж дуусгахаас гадна “Зүүнбаян- Ханги” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ гэж заасан. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын хүрээнд бид Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр зорьж байна” хэмээн тодотголоо.
Хөөт- Бичигт чиглэлийн төмөр замын нийт урт нь 239 км бөгөөд шинээр 800 орчим ажлын байр уг төслийн үр дүнд бий болох юм. Энэхүү төсөлд ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар шаардлагатай аж. Уг бүтээн байгуулалтын хүрээнд Эрээнцав-Чойбалсан- Хөөт-Бичигт чиглэлийн 650 км орчим төмөр зам барьж байгуулснаар зүүн чиглэлийн төмөр замын коридороор өөрийн орны уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломж бүрдэх юм. Тэрчлэн Орос-Хятад улсуудын хооронд тээвэрлэж байгаа ачаа тээврийн тодорхой хэмжээг Монгол Улсынхаа нутгаар тээвэрлэн өнгөрүүлэх тэр цаг наашилна.
“Монголын төмөр зам” компани тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэгч бөгөөд энэхүү чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ажилладаг гэдгийг иргэд төдийлэн сайн мэддэггүй. Тэгвэл тус компанийн Замын- Үүд дэх Шилжүүлэн ачих цогцолбор нь “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран төмөр замын нарийн царигаас өргөн царигт ачаа шилжүүлэн ачих үндсэн үйл ажиллагааг нугалж байгааг дуулгая. Эл өдөрлөгт Иргэний нисэхийн ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, МИАТ зэрэг компани оролцож байна. Өдөрлөгийн үеэр тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийж, улсын дугаар шинээр олгох болон нийтийн тээврийн цахим төлбөрийн картыг цэнэглэхээс гадна борлуулж байна. Мөн хот хоорондын зорчигчийн тасалбарыг ТҮЦ машинаар олгож эхэлсэн талаарх мэдээллийг өгч байсан юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй