Дональд Трамп : NATO-ийн гишүүн орнууд батлан хамгаалах салбарын зарцуулалтаа нэмэгдүүлэх хэрэгтэй

Мэдээ

NATO-ийн дээд хэмжээний чуулга уулзалт пүрэв гарагт Бельгийн нийслэл Брюссельд зохион байгуулагдлаа. Энэ уулзалтад 28 гишүүн орны Төр, Засгийн тэргүүн оролцсоноос гадна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анх удаагаа оролцлоо. АНУ-ын Төрийн тэргүүн уулзалтын үеэр терроризмын аюул заналхийллийг сөрөн зогсохын тулд батлан хамгаалах салбарын зарцуулалтаа дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүртэл нэмэгдүүлэхийг NATO-ийн гишүүн орнуудад хандан уриалсан байна. Мөн энэ долоо хоногийн эхээр Манчестерт болсон халдлагатай холбоотойгоор "Терроризмын эсрэг тэмцэлд NATO хүчин чармайлт гаргахад анхаарах хэрэгтэй" гэж мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "NATO цаашид терроризм, цагаачлал болон ОХУ-аас үзүүлж буй аюул заналхийлэл, мөн NATO-ийн зүүн, өмнөд хилийн асуудалд анхаарал хандуулах ёстой. NATO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон гишүүн орнууд санхүүгийн үүргээ гүйцэтгэж, батлан хамгаалах салбарын зарцуулалтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Гэхдээ 28 гишүүн орны 23 нь одоог хүртэл батлан хамгаалах салбарын зарцуулалтад хувь нэмрээ оруулахгүй байна. Энэ бол АНУ-ын ард иргэд, татвар төлөгчдийн хувьд шударга бус хэрэг. Өнөөдөр бидний өмнө тулгараад буй аюул заналхийллийг сөрөн зогсоход дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувь гэдэг нь хамгийн бага хэмжээ. Тийм учраас NATO-ийн гишүүн орнууд үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлаж, хувь нэмрээ оруулсан тохиолдолд NATO өнөөдрийнхөөс илүү хүчирхэг байх болно" гэж мэдэгдсэн байна.

Харин “NATO хэт туйлшрал болон терроризмын эсрэг тэмцэлд хүчин чармайлтаа нэмэгдүүлнэ” гэж NATO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг онцолсон байна. Түүнчлэн "NATO олон улсын эвсэл холбоодын “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэлд үүрэг оролцоогоо нэмэгдүүлнэ" гэдгийг дурдсан байна. Мөн тэрбээр гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зарцуулалтыг зорилтот түвшинд хүргэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар байр сууриа илэрхийлжээ. Йенс Столтенберг "Урьдчилан таамаглашгүй энэ цаг үед гишүүн орнуудын аюулгүй байдлыг хангахад бид батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, холбоотон улсуудын бүрдүүлж буй санхүүжилтийн шударга байдлыг хангах хэрэгтэй. Бид 2014 онд амласан батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг зорилтот түвшинд хүргэхэд анхаарал хандуулах болно. Улмаар батлан хамгаалах салбарын хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, хүчин чадал, хувь нэмэр гэсэн үндсэн гурван хэсэгт хуваарилах болно. Нэгдүгээрт, гишүүн улсуудын батлан хамгаалахын зарцуулалтыг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьд хүргэх, цаашилбал 20 хувийг томоохон зэвсэг хэрэгсэлд хөрөнгө оруулахад зарцуулах. Хоёрдугаарт, бүс нутгийн шаардлагатай тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зарцуулах нэмэлт санхүүжилт. Гуравдугаарт, NATO-ийн гүйцэтгэж буй ажиллагаа, үүрэг даалгавруудад оруулж буй Холбоотон улсуудын хувь нэмэр чухал байх болно" хэмээн онцолжээ.

Үүнээс гадна Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй NATO-ийн гишүүн орнуудын батлан хамгаалах салбарын зарцуулалтын асуудалд өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр Манчестерт гарсан халдлагатай холбоотойгоор АНУ-ын тагнуулын байгууллагатай хамтрах асуудлыг дурдсан байна. Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй "NATO бол Их Британийн батлан хамгаалах салбарын хувьд чухал байгууллага, Их Британи ч мөн тус байгууллагын чухал гишүүн. Манчестерт болсон халдлага терроризмын эсрэг тэмцэлд олон улсын хамтын нийгэмлэг, ялангуяа NATO-ийн үүрэг оролцоо чухал гэдгийг харуулж байна. Үүнээс гадна Их Британи батлан хамгаалах салбарын зарцуулалтыг хоёр хувьд хүргэж, зорилтот түвшинд хүргэсэндээ таатай байгаа. Цаашид ч мөн энэ чиглэлд анхаарал хандуулах болно. Тиймээс бусад гишүүн улсууд ч үүнд хувь нэмрээ оруулж, үүрэг хариуцлагаа ухамсарлан батлан хамгаалах салбарын зарцуулалтаа нэмэгдүүлэх ёстой" гэж мэдэгдлээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтад оролцсоныхоо дараа Италийн Сицилд хүрэлцэн ирээд байна. Тэрбээр "Их 7"-ийн бүлгийн уулзалтад оролцох дөрвөн шинэ төрийн тэргүүний нэг юм. Түүнээс гадна Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони нар мөн анх удаа энэ уулзалтад оролцоно.




САНАЛ БОЛГОХ