"Их 7"-ийн удирдагчид "Итгэлцлийн үндэс суурийг шинэчлэх" асуудлыг хэлэлцэнэ

Мэдээ

Энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Италийн Сицилийн арлын Таормина хотод "Их 7"-ийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн уулзалтад оролцохоор Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хамгийн түрүүнд хүрэлцэн иржээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй болон зохион байгуулагч Италийн Ерөнхий сайд Паоло Жентилони нар анх удаа оролцоно гэдгээрээ анхаарал татаж байна. Энэ жилийн "Их 7"-ийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв нь "Итгэлцлийн үндэс суурийг шинэчлэх" асуудал байх ажээ. Хэдий тийм боловч дээд хэмжээний уулзалтын өмнө Манчестерт халдлага гарсны улмаас терроризмын эсрэг болон аюулгүй байдлыг чангатгах асуудал зайлшгүй яригдана гэж шинжээчид үзэж байна.

Үүнээс гадна Италийн "AGI" мэдээллийн агентлагийн мэдээлснээр Сирийн дайн, БНАСАУ-ын цөмийн зэвсгийн асуудал, цахим халдлага болон BREXIT зэрэг олон улсад анхаарал татаж байгаа чухал сэдвүүдийг хэлэлцэнэ. Мөн уулзалтад оролцогч удирдагчдын хийх хамгийн чухал ажил бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын цаг уур, цагаачлал болон худалдааны эсрэг байр суурийг зөөлрүүлэх, өөрчлөх асуудал байна гэж олон улсын шинжээчид дүгнэж байна.

Дашрамд дурдахад, “Их 7”- ийн уулзалтын үеэр аюулгүй байдлыг маш сайн хангах ба цагдаагийн 7000 ажилтан, 3000 цэрэг хамгаалалтад гарсныг холбогдох албаныхан мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ