МХБ-д IPO гаргах үйл ажиллагаа 2005 оноос эхэлжээ

Мэдээ

Монголын Хөрөнгийн биржид анхны IPO гаргасны 12 жилийн ой пүрэв гарагт тохиолоо. Ойн өдрийг угтан өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо, JICA-ийн төлөөллүүд цан цохиж биржийн 5482 дахь арилжааг нээсэн байна. 2005 онд Монголын Хөрөнгийн биржид анхны IPO гаргаснаас хойш нийт 22 компани IPO хийх хүсэлтээ Санхүүгийн Зохицуулах Хороонд гаргаснаас 15 компанийн IPO амжилттай болж, олон нийтээс 97.6 тэрбум төгрөгийн санхүүжилт татаж чадсан гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээлж байна. Мөн нэмж хувьцаа гаргах замаар долоон компани 32.8 тэрбум төгрөгийн хөрөнгө босгоод байгаа ажээ. Үүнээс гадна Санхүүгийн Зохицуулах Хороо, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага буюу JICA-ийн 2014 оноос хойш хэрэгжүүлж буй "Монголын хөрөнгийн зах зээлийн чадавхыг бэхжүүлэх" төслийн эхний шат энэ оны долоодугаар сард дуусна гэж мэдээллээ.

Энэхүү төслийн эхний шатны хүрээнд олон улсын стандартыг нэвтрүүлэх, зах зээлд оролцогчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах ажлуудыг хийсэн байна. Харин ирэх 11 дүгээр сараас эхлэх төслийн хоёрдугаар шатаар IPO гаргах үйл ажиллагааг эрчимжүүлэх, давхар бүртгэлийн тогтолцоог нэвтрүүлэх талаар голлон анхаарч ажиллахаар болсон талаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ.




САНАЛ БОЛГОХ