Улсын валютын нөөцийн тэн хагас нь ХХБ-нд байхад үйл ажиллагааны доголдох үндэсгүй

Мөнгө ба бизнес

Худалдаа хөгжлийн банкны талаар сөрөг мэдээлэл дэлгээгүй гэдгээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдэгдлээ. Өнгөрсөн өдрүүдэд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрийг барин хуурамч цахим хуудас нээж, Худалдаа хөгжлийн банкны талаар сөрөг мэдээллийг нийгмийн сүлжээгээр тараажээ. Энэ мэдээллийг эрс няцааж, ор үндэсгүй худал гүтгэлэг болохыг тэрбээр анхааруулж байна.

Монгол Улсын валютын нийт нөөцийн тэн хагас нь Худалдаа хөгжлийн банкинд байршиж байхад үйл ажиллагаа нь доголдоно гэдэг бол үнэнээс хол зөрсөн мэдээлэл аж. Итгэлцэл дээр тогтдог эмзэг бизнес болох арилжааны банкны нэр хүндэд халдсан энэ хэргийг Тагнуудын ерөнхий газарт шалгуулна. Бас эдийн засгийн онц ноцтой гэмт хэргийг таслан зогсооход эрчтэй ажиллах шаардлага байгаа гэж тэрбээр хэлж байна.

Тэрчлэн ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжихээр болсон энэ үед Монголын банкны салбарын тэргүүлэгчдийн нэг Худалдаа хөгжлийн банктай холбоотой сөрөг мэдээлэл цацсан нь илт зохион байгуулалттай үйлдэл аж. Учир нь үүнээс өмнө Худалдаа хөгжлийн банктай холбоотой ташаа мэдээллийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн нэрийг барин нийгмийн сүлжээгээр түгээж байсан юм. Харин хуурамч мэдээлэл цацсан этгээд 24 цаг хүрэхгүй хугацаанд баригдсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Одоогоор надад болон УИХ-д ямар нэг банкны нөхцөл байдал хүндэрсэн гэсэн албан болон албан бус мэдээлэл ирээгүй. Ингэж албан ёсны мэдээлэл хийхгүй бол арилжааны банкны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, нийгэмд замбараагүй байдал үүсэх эрсдэлтэй" гэв. Тиймээс иргэдийн итгэлээр тоглож, арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдсан энэ үйлдэлд итгэхгүй байхыг олон нийтэд хандан О.Баасанхүү гишүүн анхааруулав.

Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн байгааг Монголбанкнаас албан ёсоор мэдэгдсэн. Төв банк нь жилд нэг удаа арилжааны банкуудад бүрэн шалгалт хийдэг. Бас улирал бүр хэсэгчлэн шалгадаг байна. Шалгалтын үеэр Худалдаа хөгжлийн банкинд хууль зөрчсөн, дүрэм журмаас гажсан үйлдэл илрээгүйг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир мэдэгдэж байсан юм.

Төв банкнаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн зохистой харьцаа 14, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг 25 хувиар тогтоосон. Тэгвэл эдгээр шалгуурыг Худалдаа хөгжлийн банк хангаж байгаа ажээ. Бүр хангаад зогсохгүй харьцангуй өндөр дүнгээр буюу хангалттай давж байгааг төв банкны удирдлагууд онцолж байсан юм.

САНАЛ БОЛГОХ