СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ СУДАЛНА

СОНГОЛТ
Бид энэ бүгдийг ажиглаж сонгуулийн дараа эцсийн дүгнэлт өгөх болно

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг УИХ-ын сонгуулийг ажиглаж байгаа. Тус байгууллагаас сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 ажиглагч хүрэлцэн ирж ажиглалт хийж байгаа юм. Тэгвэл тус байгууллагаас урьдчилсан тайланг гаргаад байна. Энэ талаар Сонгуулийг ажиглах хорооны тэргүүн Элчин сайд Одри Гловертэй ярилцлаа.

- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч нар 2016 оны УИХ-ын сонгуулийг ажиглаж, урьдчилсан тайланг гаргажээ. Энэ удаагийн сонгуулийн онцлог нь юу байна вэ?

- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн газрын шинжээчдийн баг Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр 2016 оны УИХ-ын сонгуулийн явцыг ажиглахаар болсон. Бидний хувьд тавдугаар сарын 19-нөөс хойш 2016 оны УИХ-ын сонгуулийн явцыг ажиглаж байна. Ингэхдээ сонгуулийн урт хугацааны 14 ажиглагч ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөвхөн сонгуулийн санал хураалтын өдөр ажиглалт хийхгүй. Сонгуулийн үйл явцыг бүхэлд нь ажиглана. Ажиглалтын хүрээнд улс төрийн хүчнүүдийн удирдлагатай уулзаж, Сонгуулийн ерөнхий хороотой санал солилцож байгаа. Нөхцөл байдлыг ажиглах зорилгоор өдөр бүр Сонгуулийн ерөнхий хорооны байраар зочилж байна. Түүнчлэн сум, дүүргийн сонгуулийн хороо, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

- Урьдчилсан тайланд юу тусгагдсан вэ?

- Монгол Улс 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд Сонгуулийн тухай хууль батлахдаа нэр дэвшигчдийн 30 хувь нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Гэвч өнгөрсөн сард хийсэн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотыг 20 болгон бууруулсан. Мөн энэхүү өөрчлөлтөөр тойргийн бүсийн хязгаарын өөрчлөлт түвэгтэй нөхцөл байдал үүсгэсэн. Тухайлбал, сонгуулийн тойргуудын байршил нэлээд тусгаарлагдсан. Нэг тойргоос нөгөө тойрог хүрэх зай 100 км давсан жишээ бий. Бид энэ бүгдийг ажиглаж сонгуулийн дараа эцсийн дүгнэлт өгөх болно. Шаардлагатай бүх мэдээллийг тайландаа тусгана.

- Өөр ямар зөрчил илэрч байна вэ?

- Нийт 1.912.901 сонгогч 2016 оны УИХ-ын сонгуульд санал өгөхөөр бүртгэгдсэн. Монгол Улсаас хилийн чанадад суугаа 150 орчим мянган иргэн болон өөрсдийн оршин суугаа газрын Сонгуулийн хэсгийн хороодоос өөр газар байршиж байгаа цэргийн албан хаагчид, цагдаа онгуульд саналаа өгөх боломжгүй болж байна. Мөн сонгуулийн байгууллагуудад ажиллаж буй ажилтнууд сонгуульд саналаа өгөх боломжгүй болсон. Үүнээс гадна МАН-ын санаачилгаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ил тод байдал болон санал тоолох төхөөрөмжид итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэсгийн хороодын дор хаяж 50 хувь дээр гараар дахин тоолох тухай заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулсан. Гэвч өнөөдрийн байдлаар 50 хувь дээр санамсаргүй сонголтоор гараар дахин тоолох, мөн эдгээр хэсгийн хороог хэрхэн сонгох зэрэг журмыг Сонгуулийн ерөнхий хороо батлаагүй байна. Энэ нь доод шатны сонгуулийн байгууллагуудын дунд санаа зовоосон асуудлыг үүсгээд байгаа юм.

- УИХ санал хураалт болохоос хоёр сар хүрэхгүй хугацаанд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Таны хувьд энэхүү хуульд ямар дүгнэлт өгч байгаа вэ?

- Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага сонгуулийн санал хураалт болохоос өмнө 12 сарын өмнө Сонгуулийн тухай хуульд аливаа өөрчлөлт хийж болохгүй гэж үздэг. Учир нь ард иргэд ямар өөрчлөлт орсон талаар ойлголттой болж, хувь хүний үүднээс дүгнэлт хийх эрхтэй. Сонгуулийн эцсийн дүн гарахад бид хуулийн өөрчлөлт хэрхэн нөлөөлсөн талаар судлахаар төлөвлөж байна.

- Сонгуулийн төв байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж чадаж байгаа гэж үзэж байна уу?

- Бид Сонгуулийн ерөнхий хороотой их ойр ажиллаж байгаа. Сонгуулийн ерөнхий хорооны хувьд хуульд заасан хугацаанд хийх ёстой ажлаа бүгдийг нь гүйцэтгэсэн. Харин Сонгуулийн хуулийн өөрчлөлт шахуу хийгдсэн. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс ажилтан, албан хаагчдадаа хуулийн өөрчлөлтийн талаар заавар зөвлөгөө өгөх цаг бага байсан юм шиг санагдсан. Хэзээ хурал хийж, нийтэд мэдээлэх нь тодорхойгүй байдаг.

- Та Монголын сонгогчдын боловсролын түвшинг хэрхэн харж байгаа вэ. Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг хэрхэн дүгнэв?

- Эцсийн үнэлгээгээ гаргах болоогүй байгаа. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдод мэдлэг олгохоор ажиллаж байгааг бид ажигласан. Мөн сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлд хэвлэл мэдээллийн байгууллагууд ажиллаж байна. Үүнээс гадна сонгуулийн хэсгийн хороод ажиллаж байгаа. Нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдөө ч бас ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Гэхдээ ямар нэг системтэй зохицуулалт алга.



САНАЛ БОЛГОХ