Төв банкны үндсэн зорилтыг илүү тодорхой болгоно

Мэдээ

Монголбанкнаас энэ онд банк, санхүүгийн чиглэлээр холбогдох 10 хуульд нэмэлт, өөрчлөлт шинэчилсэн найруулга хийх, шинээр хуулийн төсөл боловсруулах ажлыг гүйцэтгэж байгаа юм. Хуулийн төслийн хүрээнд энэ сарын 17-нд олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эдгээр 10 хуулийн төслийн хоёр төслийг шинээр хууль боловсруулах, дөрвөн төслийг шинэчлэн боловсруулах, мөн дөрвөн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэрээр боловсруулж байна. ОУВС-ийн "Өргөтгөсөн Санхүүжилтийн Хөтөлбөр"-ийн хүрээнд Төв банкны засаглалыг сайжруулж, үйл ажиллагааг илүү тодорхой болгох зөвлөмж хүлээн авчээ. Мөн мөнгөний бодлогод улс төрийн нөлөө их, Төв банкны удирдлага тогтворгүй, Засгийн газарт олгох зээл, санхүүжилтийн хязгаарлалт алдагдсан зэргийг хуулиар зохицуулах шаардлагатайг албаныхан онцолж байна.

Үүнээс гадна Банкны тухай хуульд шинээр тусгах өөрчлөлт нь бүхэлдээ банкны хяналт шалгалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэнэ гэж Төв банк мэдээллээ. Мөн банкны эрсдэлийг бууруулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад чиглүүлэхээс гадна албадлагын арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэх боломжтой гэж үзэж байна.

Дотоодын банкны салбарт одоогоор арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус салбар санхүүгийн салбарын нийт активын 95.6 хувийг бүрдүүлж байна.




САНАЛ БОЛГОХ