"Карибийн тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй" 275 сая ам.долларын орлого оллоо

Мэдээ

"Walt Disney"-ийн бүтээл "Карибийн тэнгисийн дээрэмчид" цувралын тавдугаар анги нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүллээ. Гол дүрд нь Жонни Депп тоглосон энэхүү кино өнгөрсөн амралтын өдрүүдэд Хойд Америкийн зах зээлээс 62.2 сая ам.долларын орлого олсон гэж “Comscore” мэдээлсэн байна. Энэ нь гэхдээ Boxofficepro.com-ийн шинжээчдийн 68.5 сая ам.долларын таамагт хүрээгүй дүн болжээ. Түүнчлэн энэхүү кино АНУ-д "Дурсгалын өдөр" болохтой зэрэгцээд орлого нь 76.6 сая ам.долларт хүрч магадгүй гэж “Box Office”-оос тооцоолсон байна. Мөн шинээр нээлтээ хийсэн "Paramount Pictures"-ийн шинэ инээдмийн төрлийн бүтээл "Baywatch" кино 18.1 сая ам.долларын орлого олж “Box Office”-ийн жагсаалтын гуравдугаарт бичигджээ. "Карибийн тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй" кино 230 сая ам.доллараар бүтсэн төдийгүй нэмэлт зардал нь олон арван сая ам.доллараар хэмжигдэж байна.

Дээрх цувралын сүүлийн анги гэгдэж буй энэхүү бүтээл "Walt Disney"-д ашиг авчрахын тулд Хойд Америк болон олон улсын зах зээлд үзэгчдийг байлдан дагуулах хэрэгтэй гэж шинжээчид онцоллоо. "Карибийн тэнгисийн дээрэмчид: Үхсэн хүн үг хэлдэггүй" кино одоогоор олон улсын кино зах зээлээс 208 сая ам.долларын орлого олсон талаар "Walt Disney" компани албан мэдэгдэлдээ ирүүлжээ.




САНАЛ БОЛГОХ