9.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХҮНИЙ НӨӨЦ БЭЛТГЭХЭД ЗАРЦУУЛНА
Ирэх жил тэтгэлгээр 22 залуу боловсон хүчнийг сургах боломж бүрдэж байна
Япон улсын Засгийн газрын 555 сая иен буюу 9.9 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар хүний нөөцийг хөгжүүлэх тэтэгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн ноот бичигт Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн, Элчин сайд Такэнори Шимизү нар мягмар гарагт гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөр нь Монгол Улсын ирээдүй болсон төрийн албан хаагч, залуу боловсон хүчнийг Японы их, дээд сургуульд мэргэжил дээшлүүлэхэд сургах зардлыг олгодог.
Энэхүү ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил төрийн 18 албан хаагч, ирэх жил 22 залуу боловсон хүчнийг сургах боломж бүрдэж байна. Долоон жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл ирэх жилээс хүрээгээ улам тэлж байгааг Элчин сайд Такэнори Шимизү онцоллоо. Тэрбээр “Монгол Улсад 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөлд 262 залуу хамрагдлаа. Өнгөрсөн жилүүдэд зөвхөн төрийн албан хаагчийг сонгож хөтөлбөрт хамруулдаг байсан. Тэгвэл энэ жилээс хүрээгээ улам тэлж хувийн хэвшилд ажиллаж байгаа залуусыг дэмжихээр боллоо” гэв. Тодруулбал, ирэх жил 22 залууг төсөлд хамруулахаас 18 нь төрийн албан хаагч байх бол хоёр хүнийг хувийн хэвшлээс сонгож, хоёрыг нь докторантурт сургах юм байна. Төслийн хүрээнд хууль, эдийн засаг, төрийн удирдлага зэрэг мэргэжлээр боловсон хүчин бэлтгэнэ.
2001 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү төсөлд 262 залуу хамрагдсан
Нэмж мэдээлэхэд, Японы Засгийн газраас 1999 оноос энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хүний нөөцийн хөгжлийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах ирээдүйтэй залуу албан хаагчдийг бэлтгэдэг гэдгээрээ онцлог. Одоогоор Монгол, Индонез, Филиппин зэрэг 12 улсад төсөл хэрэгжүүлж байна. Манай улс 2001 оноос эл хөтөлбөрт хамрагдаж, бэлтгэсэн залуу боловсон хүчнүүд өдгөө эх орныхоо нийгэм, эдийн засгийн удирдах шатны олон байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байгаа аж.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй