15698

ДУГУЙ СОНГОЛТ, ТОХИРГОО

Дуран

Автомашины өвлийн дугуйг жил тойрон ашиглах нь цөөнгүй. Гэхдээ өвлийн болон зуны дугуйнд анхаарвал зохих бүтцийн ялгаа бий. Зөөлөн резин бүхий өвлийн дугуйтай харьцуулахад халуун тэсвэрлэх чадвартай харьцангуй хатуу материалаар хийдэг зуны дугуй нь хурдтай давхихад илүү зохицсон. Орчны агаарын хэм тэг градусаас доошлох нөхцөлд зуны дугуй таг хатуурдгаас замтай барьцалдах чадвар эрс мууддаг байна. Ийм учраас улирлын агаарын хэмийн зөрөө багатай улсад All Season буюу дөрвөн улирлын дугуй илүү тохиромжтой гэж үзэх нь бий.

Зуны дугуйн хээ нь цардмал зам дээр тогтсон усыг дугуй замтай барьцалдах хэсгээс гадагш зайлуулахаар тооцоолсон бүтэцтэй. Хээний гүн нь өвлийн дугуйтай харьцуулахад харьцангуй бага. Ийм учраас зуны улиралд машиндаа тохирсонөргөн дугуй сонгох нь замтай барьцалдах чадвар, уламжлаад хөдөлгөөн үйлдэх чадвар нь сайжирдаг байна. Гэхдээ үйлдвэрлэгчээс заасан өргөн, өндрийг хэтрүүлэх нь машины тулавч систем, дугуй байрладаг крыло хэсгийн дотор талтай тулж хөдөлгөөн үйлдэхэд хүндрэлттэй болгодог.

Харин өвлийн дугуй орчны агаарын хэм +5 градусаас ихсэх тохиолдолд ердийнхөөсөө зөөлөрдөг. Халуун тэсвэрлэхдээ муу өвлийн дугуйтай зун удаан давхивал улайссанаас “буудах” аюултайн зэрэгцээ шатахуун зарцуулалтыг ихэсгэдэг дутагдалтай. Ийм ч учраас зуны улиралд өвлийн дугуй ашиглах тохиолдолд резин улайсахаас сэргийлэх нэг арга нь азотын хийгээр хийлэх явдал. Хөргөх техникт ашигладаг азотын хий нь шахсан агаартай харьцуулахад дугуйн халалтыг багасгадаг сайн талтай. Мөн агаарын найрлага дахь хүчилтөрөгч, усны уурын молекул нь азотынхаас жижиг байдаг. Үүнээс шалтгаалан автомашины дугуйг азотоор хийлэх тохиолдолд ашиглалтын явцад алдагдах хийн хэмжээ шахсан агаараар хийлсэнээс бага байдаг хэмээн үздэг.

Мөн шахсан агаараар хийлэх тохиолдолд агаарын найрлага дах хүчилтөрөгч, усны уур нь дугуйн резинийг үжрүүлэх, резин дотуурх төмөр каркас хийцийг зэврүүлэх шалтгаан болдог. Ийм ч учраас азотоор хийлэх тохиолдолд хүчилтөрөгч, усны уурыг заавал бүрэн зайлуулж хийлэх шаардлага тавьдаг байна.

Агаарын хэм цельсийн дөрвөн градусаас их нөхцөлд өвлийн дугуйны тоормозлох зам зуны дугуйныхаас хагас метрээр, нэмэх 11 градусаас их нөхцөлд даруй хоёр дахин ихэсдэг.

Цоо шинэ дугуйг тавьж байгаа бол ашиглалтын эхний 800 километрт цагт 70 километрээс үл хэтрэх хурдаар “зүгшрүүлсэн” хойноо хатуу, ширүүн нөхцөлд ашиглахыг зөвлөдөг. Автомашиын “гутал” болох дугуйн ашиглалтын дундаж хугацааг үйлдвэрлэгчид 120 мянган километрээр тооцох нь түгээмэл.


САНАЛ БОЛГОХ