ШХАБ-д Энэтхэг, Пакистан улс элсэнэ
Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын 16 дахь дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 23-24-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо зохион байгуулагдах гэж байна. Монгол Улс тус байгууллагад ажиглагч орноор нэгдээд 12 жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм. Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагын гол зорилго нь гишүүн орнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалахад оршдог ч сүүлийн үед эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагааг дэлгэрүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Тухайлбал тус байгууллагын Хөгжлийн банкыг ОХУ болон БНХАУ-ын санаачлагаар байгуулахаар болсон бөгөөд тус банк нь улс хоорондын дэд бүтцийг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах зорилготой юм. Үүний нэг нь 2013 онд ОХУ санаачлан Эрчим хүчний клубыг байгуулж байжээ. Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд дэлхийн газрын тосны 25 хувь, байгалийн хийн 50 хувь, нүүрсний 35 хувь болон ураны нөөцийн тал хувийг бүрдүүлдэг. Тиймээс Эрчим хүчний клубын гол зорилго нь гишүүн орнуудын эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршдог ажээ. Түүнчлэн 2015 онд БНХАУ-д болсон Эдийн засаг, Худалдааны сайд нарын 14 дэх уулзалтын үеэр 2017-2021 онд "Төслийн хамтын ажиллагааг дэмжих" хөтөлбөрийг баталсан бөгөөд 100 тэрбум ам.долларын өртөгтэй уг хэлэлцээрийн дүнд эрчим хүч, дэд бүтэц, харилцаа холбооны салбарт 100 гаруй төсөл хэрэгжих юм байна. Харин энэ удаагийн уулзалтаар Энэтхэг, Пакистан улс нэгдэхээр болжээ. Азийн томоохон эдийн засагтай Энэтхэг улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад нэгдсэнээр Хөгжлийн банкны асуудал урагшилж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй