Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа мягмар гарагт эхэлнэ

Мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа мягмар гарагт буюу зургаадугаар сарын зургааны өдөр улс орон даяар албан ёсоор эхлэх гэж байна. Сонгуулийн тухай хуульд заасанчлан санал авах өдрөөс 20 хоногийн өмнө сурталчилгааг эхлүүлж, 18 хоног үргэлжилнэ. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад урьд өмнө байгаагүй өндөр хэмжээтэй зээл тусламж авахаар болоод байгаа энэ үед тав дахь Ерөнхийлөгчийн төлөө өрсөлдөх гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр анхаарал татаж байна. Хуульд сурталчилгаа үргэлжлэх хугацааг нарийн тусгасан ч үнэн хэрэгтээ далд сурталчилгаа хэдийн эхэлж, ялангуяа цахим ертөнцөд хүчээ авсан гэж “Засгийн газрын мэдээ” сонин онцолжээ. Нөгөө талаас сонгуулийн санхүүжилтийн асуудалтай холбоотой эргэлзээг тайлах үр дүнтэй хяналт өнөөг хүртэл үгүйлэгдсээр байгааг Нээлттэй нийгэм форум онцолж байна. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар орон нутгийн тойрогт нэр дэвшсэн, Улаанбаатар хотод оршин суудаг зарим нэр дэвшигч унаа, шатахууны зардал огт тайлагнаагүй. Харин орон нутагтаа байнга оршин суудаг нэр дэвшигч сурталчилгааны 17 хоногт 54 сая гаруй төгрөгийг шатахуунд зарцуулсан гэж тайлагнасныг сонгуулийн санхүүжилтийн мониторингоос харж болохоор байгаа аж.

Улс төрийн намын тухай хуулийн 20-ийн гуравт "Нам санхүүгийн үйл ажиллагаандаа жил бүр аудит хийлгэн баталгаажуулж, нийтэд мэдээлнэ" гэж заасан байдаг. Үүнийг зөрчвөл албан тушаалтныг 40 мянгаас 60 мянга төгрөгөөр, намыг 100 мянгаас 250 мянга хүртэл төгрөгөөр торгохоор хуульчилжээ. Гэтэл зөрчлийн тухай хуульд аж ахуйн нэгжийг 10-100 сая төгрөгөөр торгох заалтууд оруулсан байгаа юм. Энэ мэт ялгаа нь улс төрийн намуудын хүлээх хариуцлага сул, шинэчлэгдэх асуудалд хойрго хандаж байгааг харуулж байна гэж судлаачид шүүмжилж байна.




САНАЛ БОЛГОХ