"Shenhua Group" болон "China Guodian" корпораци нэгдэх талаар хэлэлцээ хийж байна
БНХАУ-д нүүрс олборлолтоороо тэргүүлэгч "Shenhua group" болон нүүрсний томоохон цахилгаан станц "China Guodian" корпорациуд нэгдэх талаар хэлэлцээ хийж байгааг ойрын эх сурвалж мэдээллээ. Хэлэлцээ эхний шатандаа явж байгаа ч компаниуд нэгдэхгүй байж магадгүй талаар эх сурвалж мөн дурдсан. Хоёр компанийн нийт хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 267 тэрбум ам.доллар буюу 1.82 их наяд юаниар хэмжигдэж байгаа юм. Харин "China Shenhua"-ийн хувьцааны ханшийн өсөлт үргэлжлэн 5.3 хувиар нэмэгдсэн байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний хувьд аж үйлдвэрийн салбарын хэт үйлдвэрлэлийг бууруулах, төрийн өмчит компаниудын тоог цөөлөх зорилт тавьж буй. Үүнээс гадна улсаа нүүрсний хараат байдлаас ангижруулж, 11 их наяд ам.долларын эдийн засгаа тэнцвэржүүлэн хэрэглэгчдийн зарцуулалтад суурилсан болгохыг зорьж байгаа юм. Эдгээр зорилтын хүрээнд тус хоёр компанийг нэгтгэх асуудал яригдаж байгааг шинжээчид онцоллоо.
БНХАУ-ын хууль тогтоогчид нийт 5.9 их наяд юанийн хөрөнгө бүхий нүүрсний болон цөмийн найман цахилгаан станцыг нэгтгэн гурав болгохоор төлөвлөөд байгаа юм. Харин Төрийн өмчийн удирдлага, хяналтын хороо нь энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. БНХАУ энэ онд төрийн өмчит байгууллагуудын үйл ажиллагаанд онцгой анхаарал хандуулна гэж Хорооны дарга гуравдугаар сард мэдэгдэж байжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй