Centerra Gold: Гацууртын ордын олборлолтыг аль болох хурдан хугацаанд эхлүүлэхийг зорьж байна

Мэдээ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Centerra Gold” компани хэрэгжүүлж байгаа төслүүдийн явц болон санхүүгийн үзүүлэлтээ хөрөнгө оруулагчдадаа танилцууллаа. Одоогоор тус компанийн тусгай зөвшөөрлийг нь эзэмшиж байгаа Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэлэлцээ хийж байгаа гэж “Centerra Gold” мэдэгдсэн байна. Эцэслэн хэлэлцээрт хүрвэл түүнээс хойш 12-18 сарын дотор олборлолтоо эхлэх тооцоотой юм. Гэхдээ хамгийн сүүлд Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яамны мэдээлснээр Гацууртын ордын баталгаат нөөцийг тогтоох тал дээр эцэслэн шийдэлд хүрч чадаагүй байсан юм. Харин “Centerra Gold”-ийн тайланд дурдсанаар Гацууртын ордын баталгаат нөөц нь 1.6 сая унц алт буюу тонн хөрс тутамд 2.9 грамм алт байхаар тооцсон байна.

Энэ онд хэрэгжүүлэх боломжтой томоохон ганц төсөл нь “Гацуурт” гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн өмнө нь мэдээлж байсан юм. Харин Монгол Улс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрт хамрагдаж байгаа боловч цаашид эдийн засгийн өсөлт нь мега төслүүдээ хэрэгжүүлэхээс ихээхэн хамаарна гэж “Fitch” агентлаг дүгнэжээ.




САНАЛ БОЛГОХ