Төлбөрийн тэнцлийн алдагдлаа тэглэх боломж бүрдлээ

Нийтлэл

Төлбөрийн тэнцлийн алдагдлын оргил үе ард хоцорлоо

Монгол Улс төлбөрийн тэнцлийн хямралаас гарч байна. 1.9 тэрбум ам.долларт хүрээд байсан төлбөрийн тэнцлийн алдагдлын оргил үе ийнхүү ард хоцорлоо. Орлого, зарлагын харьцаа тэнцвэржиж, гадаад худалдааны ашиг эрс нэмэгдэж байна. Ингэснээр эдийн засаг “эрүүлжиж”, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 95.8 сая ам.долларын алдагдал хүлээлээ. Дээд цэгтээ хүрээд байсан алдагдлын хэмжээ хумигдаж, төгрөгийн ханшийн уналт зогслоо. Төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин буураад байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, гадаад худалдааны ашиг өнгөрсөн сард 297.3 сая ам.доллараар нэмэгдэж, 781.9 сая ам.долларт хүрэв. Үүнээс үүдэн төлбөрийн тэнцлийн дарамт цаашиллаа. Төлбөрийн тэнцлийн алдагдал 2014 оноос хойш тасралтгүй буурсаар одоогийн түвшинд ирсэн. Тэр дундаа сүүлийн хоёр жилийн хугацаанд алдагдлын хэмжээ үлэмж багасав. 2013 онд 1.9 тэрбум ам.долларт хүрч, рекорд тогтоож байсан уг алдагдал агших хэрээр төгрөгийн ханш чангарах төлөвтэй байна.

Экспортын орлогоор импортынхоо төлбөрийг барагдуулж чадахгүй байсан жилүүдэд төлбөрийн тэнцлийн алдагдал түүхэн дээд түвшинд хүрч байсан юм. Энэ үед “Оюутолгой”-н ил уурхайн экспорт жигдэрч, улмаар дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ялимгүй тогтворжсон. Алдагдлын хэмжээ танагдах тусам эдийн засагт эерэг хүлээлт давамгайлж байна. Хөтөч үзүүлэлт сайжрах хэрээр хөрөнгө оруулалтын орчин сэргэж, өгөөж нь зузаардаг. Төгрөгт ирэх валютын ханшийн дарамт аажмаар суларч, төлбөрийн тэнцлийн удаан хугацааны алдагдалд “баяртай” гэж хэлэх мөч ойртлоо.

Эдийн засгийн хүндрэлийн бодит шалтгааны нэг нь төлбөрийн тэнцлийн хур алдагдал байсан. Тэгвэл энэ алдагдал агшин зуурын дотор алга болж мэдэх тааламжтай нөхцөл бүрдлээ. Учир нь, түүхий эдийн экспорт эрчимжиж, манай улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж байна. Алдагдлаа хумих гарц нь гадаадын шууд хөрөнгө оруулалт. Үүнийг орлох ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн нөлөө эдийн засгийн эмзэг байдлыг өөрчилж байна. Төлбөрийн тэнцлийн алдагдлаа тэглэх боломж тэр болгон тохиогоод байдаггүй.

Гадаад худалдааны ашиг төлбөрийн тэнцлийн төлөвийг шинэчилж байна
Гадаад худалдааны ашиг төлбөрийн тэнцлийн төлөвийг шинэчилж байна. Алдагдал нь огцом буурчихсан байгаа нь үүнийг илтгэнэ. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч Монголбанкны зүгээс төлбөрийн тэнцлийн хямралыг эдийн засгийн хямрал болголгүй, алдагдлын эсрэг уламжлалт бус мөнгөний бодлогыг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн. Бодлогын зэвсэг нь “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” байлаа. Хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг зөөлөн газардаж, төлбөрийн тэнцлийн өндөр алдагдалд цэг тавьж чадсан юм.

Манай улс дэлхийн 127 оронтой өнгөрсөн сард худалдаа хийж, худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ гурван тэрбум ам.долларыг давлаа. Экспортын мөнгөн дүн нь импортоос илүү байснаар ашгийн хэмжээ өнгөрсөн сард нэмэгдсэн байна. Үүнд нүүрсний экспорт тэргүүлэх үүрэг гүйцэтгэжээ. Гадаад худалдааны ашиг эдийн засгийг тэтгэх хэмжээнд ирээд байгаа нь энэ. Төлбөрийн тэнцлийн алдагдал түүх болон үлдэх цаг айсуй.
САНАЛ БОЛГОХ