Үр дүн хүлээсэн “Их гурвал”
Хөрөнгө оруулагчдын нүдээр харвал, Монголд шар гэрэл асчээ. Эргэлзэлгүй мөнгөө цутгадаг байсан ногоон гэрэл унтарч, сэрэмж сануулсан шар гэрэл манайд асаж буй аж. ДНБ- ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж явсан “сэргэн мандалт”-ын үе өнгөрч, Монголын эдийн засаг орвонгоороо эргэн, доройтжээ. Өдгөө Монгол Улс хөрөнгө оруулагчдыг соронз шиг татахаа больж, урамгүй үзүүлэлтээр дүүрсэн эдийн засгийн орчин хөрөнгө халаасласан эрхмүүдийг харин ч үргээж байна.
Хашир хөрөнгө оруулагчдын “луужин” гэж хэлж болохоор олон улсын үнэлгээний агентлагууд ч манай улсад доогуур дүн тавьчихаад байгаа. Энэ зах зээлийн “Их гурвал” гэгддэг гурван ч агентлаг Монголыг хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэй улс хэмээн дүгнэсэн. Тодруулбал, “Fitch” болон S&P агентлаг манай улсын төлбөрийн чадварыг “B-” тогтвортой буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлсэн бол “Moody's” CAA 1 буюу маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд хадгалж байгаа юм.
Уг нь ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийг хэрэгжүүлснээр зээлжих зэрэглэл ахих боломжтой гэж албаныхан үзэж байв. Гэвч хөгжлийн хөтөлбөр хөдөлсөн ч үнэлгээний агентлагууд Монголыг ахиулсангүй, ахиад харзнахаар шийджээ. Тэд захиас, сануулгын алийг нь гэж тодорхойлоход хэцүү дүгнэлтийг Монголд хаяглан илгээсэн байх юм. 5.5 тэрбум ам.долларын багцтай хөгжлийн хөтөлбөр урагшилсны дараа буюу өнгөрсөн долоо хоногт “Moody’s”, “Fitch” агентлаг Монголын талаарх дүгнэлтээ танилцууллаа.
Тухайлбал, 100 гаруй жилийн түүхтэй “Fitch” агентлаг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь манай улсын гадаад санхүүжилтийн эрсдэлийг бууруулж, эдийн засгийг илүү тогтвортой болгоно гэж үзсэн байна. Гэхдээ зөвхөн тус хөтөлбөрөөр зогсохгүй дунд хугацаанд өрийн дарамтыг бууруулахад уул уурхайн томоохон төслүүдээс онцгой үүрэгтэйг дурджээ. Олон улсын үнэлгээний өнгийг тодорхойлогч “Fitch” агентлаг зээлжих зэрэглэлийг нэмээгүй ч, энэ талаар дурдахаа мартсангүй. Тус агентлагийн тайланд өгүүлснээр ОУВС-гийн хөтөлбөр нь дунд хугацаанд манай улсын зээлжих зэрэглэлийг дэмжих боломжтой аж. Өөрөөр хэлбэл, “Fitch” манай улсын зээлжих зэрэглэлийг нэмэхээр төдийлэн яарахгүй байгааг эндээс харж болох юм. Цаашлаад томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тогтворжуулахыг сануулсан байна.
Тэгвэл “Moody's” ч зарим талаар “Fitch”-тэй адил дүгнэлт хийсэн. Тус агентлаг ОУВС-гийн хөтөлбөрийн үр дүнд Монгол Улс санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ гэж үзэж байна. Гэхдээ уг хөтөлбөр хэд хэдэн сорилт дагуулж буйг сануулжээ. Тус агентлагийн тайланд дурдсанаар Монгол Улс ОУВС- гийн хөтөлбөрт хамрагдсанаар ойрын хэдэн жил сангийн болон мөнгөний хатуу бодлого баримтална. Ийм бодлогыг хадгалж үлдэх нь улс төрийн хүчнүүдийн хувьд томоохон сорилт болохоос гадна сангийн хатуу бодлого нь эргээд ОУВС- гийн төлөлтийг удаашруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сулруулах эрсдэлтэй гэж дүгнэжээ. Тэрчлэн
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах тухай хэлэлцээ 2016 оны арваннэгдүгээр сараас эхлэн хойшилж, эцэст нь ОУВС- гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцсэнийг харахад Монголыг эрсдэл өндөртэй хэвээр байна гэж “Moody's”-ийн шинжээчид үзсэн байх юм. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар Монгол Улс 2018, 2019 онд төлбөр төлөх ёстой бондынхоо бүтцийг шинэчлэх, дахин санхүүжүүлэх боломжийг олгоно. Мөн Монголын банкууд тайлан, тэнцлээ цэгцлэх боломжийг олгож, гадаад хөрөнгө оруулагчдын банкуудад итгэх итгэлийг сэргээхэд дөхөм болно гэж “Moody's” дүгнэлээ. “Монгол Улсын Засгийн газрын өр 2018 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 98 хувьд хүрч өсөх хүлээлттэй байгаа.
Үүнээс гадна Монголын банкны систем дэх чанаргүй зээл 2016 оны эцэст нийт зээлийн 9.2 хувьд хүрсэн” гэдгийг тайландаа онцолжээ. Үүнээс гадна, S&P агентлаг ОУВС-гийн хөтөлбөрөөс үүдсэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийг өсгөсөнгүй. Сүүлийн хэдэн сар дараалан биднийг маш өндөр эрсдэлтэй гэсэн ангилалд хадгалсаар байна. Одоогоор дүгнэлтээ ил болгоод буй агентлагуудыг харахад манай улсын зээлжих зэрэглэлийг өсгөх гэж яарахгүй байна. Өөрөөр хэлбэл, ОУВС- гийн хөтөлбөрөөс гадна Монгол Улсын Засгийн газрын шийдлүүд үр дүнгээ өгч, төсөв, төлбөрийн тэнцэлд эерэг шинж илэрвэл зээлжих зэрэглэлээ эргэн харах шинжтэй байгаа. Уг нь “ОУВС- гийн хөтөлбөрийн хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээлжих зэрэглэлийг ахиулах, хүүгийн зардал буурах суурь нөхцөл бүрдэнэ" гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Гэвч Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулснаас хойш хагас жилийн хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд Монгол Улсын улс үндэстэн, компанийн төлбөрийн чадварыг дээшлүүлээгүй байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй