“Реал” 54 сая еврогийн шагнал авчээ

Спорт

Даржин төсөвтэй багуудын хувьд тус тэмцээн санхүүгээ сайжруулах том боломж

Уэльсийн Кардиф хотноо болсон Аваргуудын лигийн шигшээ тоглолтоор хөлбөмбөгийн нэгэн улирал өндөрлөлөө. Домогт “Реал Мадрид” энэ тэмцээнд 12 дахь удаагаа түрүүлж, өөрсдийн тогтоосон дээд амжилтаа ахиулсан бол “Ювентус” финалд долоо дахиа ялагдаж, сөрөг үзүүлэлтээр рекорд тогтоов. Энэ тоглолтын талаар бүх хэвлэл хангалттай ихийг бичсэн тул дахин нуршаад яахав. Харин тэмцээнд оролцсон багууд хэдий хэр шагнал гардсаныг сонирхоод үзье.

Аваргуудын лигт буурал тивийн бүх шилдэг баг тоосоо өргөдөг учраас Европын хөлбөмбөгийн холбоо энэ тэмцээнээс асар их ашиг олдог. Зөвхөн 2016-2017 оны улиралд гэхэд уламжлалт тэмцээнүүдээ зохион байгуулаад 2.3 тэрбум еврогийн орлого олжээ. Тиймдээ ч оролцсон багуудад хуваарилж өгөх мөнгөн дүн нь боломжийн өндөр. Тухайлбал, 1.3 тэрбумыг Аваргуудын лигт өрсөлдсөн багуудад хуваарилсан байна. Аль баг хэдийг авах нь гаргасан амжилтаасаа хамаараад янз бүр байх нь мэдээж. Хэсгийн шатанд өрсөлдөхөөр шалгарсан багууд шууд 12.5 саяыг авна. Харин хэсэгтээ хожил байгуулахад 1.5, тэнцэхэд 0.5 саяын нэмэлт бонустай. Тэгээд шөвгийн 16- д үлдсэн баг бүр зургаан сая, 8-д шалгарвал нэмээд 6.5 сая гээд явчихна. “Реал”-ын хувьд 32 багаас хамгийн өндөр буюу 54.2 сая еврог шагналд авахаар болжээ. Түрүүлсэн баг 15.5 саяыг авдаг нь мөнгөн дүн өндөр гарахад нөлөөлсөн байна. Харин үзүүрлэсэн “Ювентус” 50.7 саятай харихаар болов.

Мэдээж тэрбумаар тоологдох орлоготой том багуудын хувьд энэ мөнгө тийм ч их биш. Харин даржин төсөвтэй жижигчүүдийн хувьд тус тэмцээнд оролцох нь санхүүгээ сайжруулах асар том боломж юм. Ялангуяа Хорват, Болгар, Серб, Орос, Польш, Украин зэрэг тааруухан төсөвтэй Зүүн Европын багуудын өөдлөх, уруудах нь энэ тэмцээнээс ихээхэн хамаардаг гэж хэлж болно. Бельгийн “Брюгге”, Хорватын “Динамо Загреб” багууд хэсгийн бүх тоглолтдоо хожигдсон ч 12.5 саяыг халаасалсан гэдгийг санаарай. Санхүүгийн ийм том хөшүүрэг байдаг болохоор багууд Аваргуудын лигийн эрх авах гэж үхэн хатан тэмцэлдэх нь мэдээж. Сонирхуулахад, сүүлийн таван жилийн хугацаанд Аваргуудын лигээс авсан мөнгөн шагналынхаа хэмжээгээр “Ювентус” тэргүүн байрт заларчээ. Тэд 281 саяын шагнал гардаж, “Реал”-ыг ардаа орхисон байна. Эхний 10 байрт Испани, Английн гурав, Германы хоёр, Итали, Францын тус бүр нэг баг жагсав.
1. Ювентус (Итали) 281 сая
2. Реал (Испани) 277 сая
3. Бавари (Герман) 256 сая
4. Челси (Англи) 253 сая
5. Барселона (Испани) 246 сая
6. ПСЖ (Франц) 228 сая
7. Ман.Сити (Англи) 222 сая
8. Атлетико (Испани) 179 сая
9. Арсенал (Англи) 177 сая
10. Борусси.Д (Герман)

162 сая Италийн аваргууд сүүлийн жилүүдэд тогтмол өндөр түвшинд тоглож буйг эндээс харж болно. Онцлоход “Юве” таван жилд бараг 300 саяыг шагналд авсан бол Италийн хоёр дахь сайн амжилттай “Рома”-гийнх 100 сая ч хүрэхгүй байна. “Ювентус” санхүүгийн хувьд илүү хүчирхэгжиж, сайн тоглогчдыг өндөр үнээр авч буйн нэг шалтгаан энэ биз ээ. 2012 оноос хойш тус улсын багуудын авсан шагналын мөнгөний 42.5 хувь нь зөвхөн “Ювентус”-т очсон гэсэн тооцоо ч байна. Хөрөнгө мөнгөний ийм их зөрүү байгаа болохоор Италийн бусад баг “Ювентус”-ын түвшинд хүрч өрсөлдөхөд хэцүү байх нь ойлгомжтой.

1.3 тэрбумыг Аваргуудын лигт өрсөлдсөн багуудад хуваарилсан байна
“Ювентус”-тэй холбоотой өөр мэдээ дуулгахад, тус баг энэхүү шагналаас гадна ивээн тэтгэгч, телевизийн гэрээ, тасалбарын борлуулалтаас 109 сая еврогийн орлого олжээ. Түрүүлсэн “Реал”- ын хувьд энэ дүн 80.9 сая байгаа юм. Өмнө нь Европын нэг ч баг ганц улиралд 100 саяыг давсан орлого олж байгаагүй аж. Хэрэв Турины баг тэмцээнд түрүүлсэн бол орлого нь 113 саяд хүрэх байсныг Football Italy мэдээлэв.

САНАЛ БОЛГОХ