БНХАУ цахилгаан автомашины үйлдвэрлэлд зөвшөөрөл олгох асуудлыг дахин авч үзнэ

Мэдээ

БНХАУ цахилгаан автомашины үйлдвэрлэлд зөвшөөрөл олгох асуудлыг дахин авч үзэхээр төлөвлөж байна гэж ойрын эх сурвалж мэдээллээ. Учир нь нэмэлтээр зөвшөөрөл олгосноор дэлхийд тэргүүлэх авто зах зээлд үйлдвэрлэлийн илүүдэл үүснэ гэж албаныхан үзэж байгаа юм. Авто зах зээлд шинээр орж ирж буй хөрөнгө оруулалтад хяналт тавьдаг тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо цахилгаан автомашины үйлдвэрлэлд зөвшөөрөл олгох хөтөлбөрт дүгнэлт хийхийг зорьж байгаа аж. Учир нь 2016 оны гуравдугаар сараас хойш тус байгууллага автомашины үйлдвэрлэл эрхлэх 15 тусгай зөвшөөрөл олгожээ.

БНХАУ-ын хувьд цахилгаан автомашины үйлдвэрлэлийг шинээр гарч ирж буй стратегийн салбар гэж харж байгаа төдийгүй ирэх 10 жилийн хугацаанд хосолмол хөдөлгүүрт болон бүрэн цахилгаан автомашины борлуулалтыг 10 дахин нэмэгдүүлэхийг зорилт тавьсан байна.

БНХАУ 2015 онд бодлого тодорхойлогчдын дэмжлэгтэйгээр цахилгаан автомашины зах зээлд дэлхийд тэргүүлэгчийн байр суурийг АНУ-аас булаасан юм. Өнгөрсөн онд тус улс нийт 507 мянган ширхэг байгаль орчинд ээлтэй автомашин борлуулсан гэж тус улсын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо мэдэгджээ.




САНАЛ БОЛГОХ