Дагуул хотын далд төрх

ЗГМ: Сэдэв

Дагуул хотын Захирагчийн ажлын алба тавхан хүнтэй

Улаанбаатар хотын эдийн засгийн дэд бүтцийг тэнцвэржүүлэх, хүн амын хэт төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлийн ИТХ-ын 25 дугаар тогтоолоор Налайх, Багануур дүүргийг дагуул хот болгох шийдвэр 2015 оны дөрөвдүгээр сард гарсныг иргэд санаж байгаа байх. Улмаар мөн оны зургадугаар сард хотын захирагчдыг иргэдийн саналаар тодруулах сонгууль болж, Налайх хотын захирагчаар Ш.Хаан, Багануурт Н.Тавинбэх нар сонгогдсон юм. Үүнийг тухайн үеийн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл түүхэн үйл явдал боллоо хэмээн онцолж байв. Тэрбээр “Налайх, Багануур дүүргийг хот болгох талаар бүтэн 13 жил ярьсан. Ийн дагуул хот болсноор бие даан хөгжих, иргэдийн оролцоотой асуудлаа шийдвэрлэх, өөрсдөө төсвөө бүрдүүлэх, үүнийгээ өөрсдийн бодлогоор захиран зарцуулах эрхтэй болж байна” хэмээн ярьж байсныг тод санаж байна.

Налайх, Багануур дүүрэг ийнхүү хотын статустай болсноос хойш хоёр жилийн хугацаа өнгөрлөө. Өнөөдөр дагуул хотууд хэрхэн бие даан хөгжиж, нийгэм, эдийн засгийн чадавх нь яаж сайжирч, иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлээд байна вэ. Сүүлийн 20 гаруй жил алслагдсан дүүрэг хэмээн нэрлэгдэж, айлын өнчин хүүхэд шиг өгснийг нь хүртдэг, өгөхгүй бол гар хараад суудаг байсан цаг ард хоцорч чадав уу.

Төрийн бодлогын залгамж халаа нэг засаглалаас нөгөө засаглалд шилжсэн үү. Эдгээр асуултын хариултыг өгөхийн өмнө таньд нэгэн мэдээллийг хүргэе.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт дагуул хотуудыг хөгжүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, дэвшилтэт технологи бүхий үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулна гэжээ. Эндээс нийслэлийн удирдлагууд хотын өмнөх дарга нарын гаргасан бодлого, шийдвэрийг үргэлжлүүлж, дагуул хотыг хөгжүүлэх тал дээр анхаарахаар төлөвлөсөн нь харагдаж байна.

Тэгвэл үе үеийн нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийн үр дүнд байгуулсан дагуул хотуудын өнөөгийн дүр төрх ямар байна вэ. Налайх хотын хувьд 1964 онд дагуул хот болж, захирагчаа томилж байсан түүхтэй аж. Гэсэн ч тухайн үед хууль эрх зүйн орчин бүрдээгүй учир эргээд орон нутгийн статустай болж байсан юм байна. Харин энэ удаад Налайх хотын З6 мянган иргэн “Хот болох нь зөв” гэсэн шийдвэр дээр нэгдэж, хотын дүрмээ иргэдийн оролцоотой баталж, эдэлбэр газраа 22 мянган га талбайгаар тогтоосон байна. Нэгэнт хотын статустай болсон учир хуулийн хүрээнд хотын Захирагчаа сонгож, Захирагчийн ажлын албыг байгуулсан аж. Улмаар хотынхоо ЗАА-ны дүрэм, бүтэц, орон тооны үлгэрчилсэн загварыг баталж, тус алба 24 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байж.


Гэтэл өнгөрсөн жилийн орон нутгийн сонгуулиар нийслэлийн удирдлагууд солигдож, бүтэц орон тоог нь өөрчилж, эргээд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Үүгээр ч үл барам эрх мэдлийг нэг талд нь төвлөрүүлэх шаардлагатай гэж үзээд, ЗАА-ны ажлыг ЗДТГ- т буцаагаад шилжүүлчихсэн гэнэ. Учрыг лавлахад, хууль эрх зүйн орчин байхгүй гэдэг “малгайн” дор баталсан дүрмийг дагах боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, дүүргийн статустай болгосон гэсэн тайлбарыг өгч байна. Энэ бол яах аргагүй гаргасан шийдвэрээсээ буцсан, төрийн бодлогын залгамж халаа байдаггүй гэдгийг нотлон харуулж буй хэрэг бус уу. Хамгийн сонирхолтой нь, Налайх хотын ЗАА өнөөдөр таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Тэнд Захирагчийн ажлын албаны дарга, аж ахуй, албан байгууллага, өргөдөл гомдол хариуцсан гурван мэргэжилтэн, нэг жолоочийн хамт тавуулаа ажиллаж байна. Тэд нэгэнтээ л хотын дүрмээ баталсан, энэ орон тоон дээр ажиллаж байгаагийн хувьд хэд хэдэн гудамжийг тохижуулжээ. Түүнчлэн иргэдийн оролцоотой бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, гурван газарт ногоон байгууламжийг шийдэж, бүтээн байгуулалт хийжээ. Налайх хотын ЗАА-ны дарга М.Ганбаатар “Хотын статусыг бий болгохын тулд хууль эрх зүйн орчныг өөрчлөх хэрэгтэй. Эрх мэдлийнх нь төвлөрлийг сааруулж, улс төрийн нөлөөг багасгамаар байна. Бид хот болохын тулд АНУ, ОХУ гээд нэлээд хэдэн орны туршлагыг судалсан. Судалгаанаас харахад улс орныг хөгжүүлнэ гэвэл дагуул хот байгуулах нь хамгийн зөв гарц. Гэхдээ ажиллах нөхцөл бололцоог нь бий болгохгүйгээр энэ ажил урагшлахгүй. Энэ мэт нэр зүүж явбал бүтэхгүй. Эргээд орон нутгийн төсвийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллага болчихоор хот биш, дүүрэг болчихож байгаа юм” гэв. Бид Багануур хотын захирагчтай холбогдож, байр суурийг нь асуусан боловч одоогоор сонгогдсон захирагч эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн гэдгийг түүнийг орлож буй Ц.Сандаг-Очир хэлсэн юм. Тэрбээр энэ талаар байр сууриа илэрхийлэхээс татгалзлаа.

Уг нь хотын санхүүгийн эх үүсвэрийг бий болгож, бие даасан, хараат бус байхын тулд олон төрлийн журам боловсруулжээ. Үүний нэг нь оршуулгын газрыг тодорхой үнэ тарифтай болгох. Ингэхдээ Налайх хотын иргэдэд үнэгүй байхаар төлөвлөсөн байжээ. Тэрчлэн зам дагуух зар сурталчилгааны самбаруудаас жилд 20 орчим сая төгрөг хотын хөгжлийн санд төвлөрүүлэх гэх мэт өөрсдөө хөрөнгө санхүүгээ босгох хувилбаруудаа боловсруулсан байжээ.

Бие даасан, хараат бус байхын тулд олон журам боловсруулсан байжээ
Үндсэн хуульд дагуул хот болон хот суурин газрыг бий болгож болно гэсэн заалт бий. Түүнчлэн 1993 онд баталсан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд дагуул хотыг байгуулах эрх зүйн орчин бүрдэж, өнөөгийн дагуул гэгдэх хотуудыг байгуулчихаад байгаа. Харин төсвийн тухай хуулиараа Монгол Улсын засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуулийг баримталж буй. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын хот, суурин газрын статус аймаг, сум, дүүрэг, баг, хороонд хуваагддаг. Тиймээс төсвийн ерөнхийлөн захирагчид хотын захирагчийн эрх үүрэг байдаггүй учраас хуулийн хүрээнд учир дутагдалтай буюу хоёр талаас “мөргөлдсөн” асуудал энд үүсчээ. Өөрөөр хэлбэл, дагуул хотыг хуулийн хүрээнд байгуулж, түүнийг хөгжүүлэхийн тулд хотын захирагч хотын орлого, төсвийг захиран зарцуулах эрхтэй байдаг. Гэтэл Монгол Улсын Засаг захиргаа түүний удирдлагын тухай хуулиар төсвийн захиран зарцуулалтыг заавал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн эрх мэдлийн хүрээнд олгохоор тусгасан байгаа нь асуудлын гол болоод буй аж. Налайх хотын хувьд Орон нутгийн хөгжлийн сангийн энэ жилийн хөрөнгө 350 орчим сая төгрөг байхаар нийслэлээс баталж өгчээ. Үүн дээр Налайхын жилийн нийт төсвийн хөрөнгөд 265 сая төгрөг шаардлагатай ч 180 орчим сая төгрөгөөр баталсан байна. Энэ бол дагуул хотын үйл ажиллагаа явуулах, хөгжүүлэхэд худгийн ёроолыг самардаад ч ус гарахгүй байгаатай дүйцэх хэмжээний санхүүжилт юм.

Ийн хот гэсэн нэр зүүж байхын оронд эргээд дүүргийн харьяалалтай болох хэрэгтэй гэдгийг Налайхын иргэд тавьсан байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд “Иргэдийн оролцоотой сонгогдсон учраас татан буулгахад ахиад хөрөнгө мөнгө зарцуулна” гээд амыг нь тагласан гэх. Статус нь хот гэж яваа ч иргэдийн амьдрал ахуй нь дээшлэхгүй, хөдөө сууринд амьдарч байгаатай ялгаагүй үлгэн салган явж байснаас дүүрэг болгочихвол шулуухан юм биш үү. Нэр төдий хот байж, нэгэнэт гаргасан шийдвэрээсээ буцсан энэ асуудлыг хотын удирдлагууд анхааралдаа авах хэрэгтэй биз ээ.
Сэтгэгдэл
Зочин
202.70.43.214
Ацных нь хот байхав дээ. Хөдөөний хөөсөн юмнууд.
САНАЛ БОЛГОХ