Хөрөнгө оруулагчид сонгуулийг ажиглаж байна

Нийтлэлчийн булан

Бид бие биенээ шавартай хутгах зуур тэд харан инээсээр

“Энэ жижиг Монголын Төрийн тэргүүн нь хэн болох бол”. Тэд ийн шивнэн, биднийг анхааралтай ажиглаж суугаа. Одоогоос дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад Монголын эдийн засаг орвонгоороо эргэсэн. Дэлхийд гайхагдсан эдийн засгийн өндөр өсөлт нь хөөс болон замхарч, үржихийн хүрдээр өөдөлж байсан Монголоор овоглосон бондын ханш урамгүй үзүүлэлтээр дүүрчихээд байгаа. Үндсэндээ өнгөрсөн дөрвөн жил өсөлтөөс уналт руу шилжсэн эдийн засгийн мөчлөг байв. Үүнээс үүдэн гадаадын хөрөнгө оруулагчид ч биднээс болгоомжлоод удаж байна. Төв Азиас шинэ үүц оллоо хэмээн баярлаж байсан хөрөнгө оруулагчид өдгөө Монголоос цэрвэж, халгаад олдохоо болилоо. Хөрөнгийн зах зээл хөшгөө татсан ийм эмзэг цаг дор монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгохоор зэхэж байна.


ХАНДЛАГА ИЛТГЭХ ХАНШИЙН ХӨДӨЛГӨӨН
Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй гурван нэр дэвшигчийг хөрөнгө оруулагчид хэрхэн хүлээн авч байна вэ. Олон улсын зах зээлд гаргасан манай бондуудын ханш нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн урууджээ. Уг нь тавдугаар сард Засгийн газар ОУВС-тай гар барьж, Монголын төр санхүүгийн сахилга баттай болох шинэ мэдээ дэлхий дахинд түгснээр манай эдийн засгийн ихэнх үзүүлэлт унах бус, өгссөн. Бүр өнгөрсөн дөрвөн жилийн турш тогтоож дийлээгүй “ноён” долларын ханшийг хүртэл номхруулж дөнгөсөн юм. Гэтэл сүүлийн өдрүүдэд гадаад зах зээл дэх манай бондуудын ханш өсөлтийн эсрэг зүг чиглэчихээд байна. Ялангуяа, Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг албан ёсоор зарласан тавдугаар сарын дунд үеэр манай бондуудын ханш мэдэгдэхүйц буурчээ.

Засгийн газрын тав, арван жилийн хугацаатай “Чингис”, энэ оны эхээр олон улсын зах зээл дээрээс босгосон долоон жилийн хугацаатай “Хуралдай” бондын ханшийн муруйг та харж байна. Сүүлийн хэдэн сар алгуур боловч өсөж байсан ханшийн муруй тавдугаар сараас уруудаж эхэлжээ. Хэдхэн өдрийн өмнө л 100 нэгжийг давж байсан таван жилийн хугацаатай “Чингис” бондын ханш алга урвуулахын адил унаж, 99.8 нэгжид хэлбэлзэж байна. Хавартай хамт идэвхжсэн сонгууль тойрсон улс төр хаа холын хөрөнгийн зах зээлийг ийн хөдөлгөжээ.

...“Бид ингэж үзэж, тэгж дүгнэж байна”... Угтаа хөрөнгө оруулагчид бидний талаарх өөрсдийн үзэл бодлоо хэлээгүй л дээ. Гэхдээ тэд хандлагаа ханшийн хөдөлгөөнөөр илэрхийлчихэж байгаа нь энэ. Хамгийн гол нь ийн ёозгүй харж буй тэднийг буруутгах аргагүй.

Өнгөрснийг эргэн саная. Шинэ зууны Монголын хамгийн том төсөл болох “Оюутолгой”-н түүх гадаад зах зээлтэй холбоотой гашуун сургамж болон үлдсэн. Дэлхийн хэмжээний энэ төсөл увайгүй улстөржилт, ард түмний нэр барьсан популистуудын “гавьяа”-гаар хэрхэн гацсаныг бид мэднэ. Сүхбаатарын талбайд жагсаж, саарал ордонд хэрүүлийн алим болгосноор энэ төслийг бүхэл бүтэн гурван жил “гинжилсэн”.

Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд “Оюутолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулсан цагаас л эрс шүүмжилсэн популистуудын нэг өрсөлдөж яваа. Түүний популизм хийдэг “Оюутолгой” төсөл өнгөрсөн онд Монгол Улсын төсвийг 700 орчим тэрбум төгрөгөөр зузаатгажээ. Үүгээр зогсохгүй энэ онд манай эдийн засагт нэг тэрбум ам.доллар даллана. Гэтэл ийм үлэмж хэмжээний нөлөөг Монголын эдийн засагт үзүүлж, уг төслийг урагшуулсан нь буруу хэмээн тэр нэр дэвшигч одоо ч чичирч, сурталчилгааныхаа гол сэдвээ болгожээ.


Ийм байхад гадаадын хөрөнгө оруулагчид яаж ч санаа амар, тайван суух билээ. Тиймээс бидний зүг бодлогоширсон, болгоомжлонгуй харцгааж буй биз. Монгол Улс, хөрөнгө оруулагч гэх хамтрагчид хоёр тийшээ харсан энэ жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт улам татарсаар. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө манай улсыг чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт 900 сая ам.доллараар хэмжигдэж байв. Гэтэл энэ оны эхний дөрвөн сард уг дүн 178 сая ам.доллартай тэнцсэнийг төв банкнаас мэдээллээ. Ойролцоогоор тав дахин буурсан энэ дүн хөрөнгө оруулагчдын итгэл хэдхэн жилд хэрхэн унасныг тодорхой харуулна.

Мэдээж Монгол Улсын Төрийн тэргүүн эдийн засгийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх эрхийг эдэлдэггүй. Гэхдээ ард түмний эв нэгдлийн бэлгэдэл гэдэг утгаараа Ерөнхийлөгч Монголыг төлөөлж дэлхийн хөрөнгө оруулагчидтай гар барин, манай төр засгийн бодлого, байр суурийг байнга илэрхийлэх болно. Цаашлаад Засгийн газарт чиглэл өгөх эрх ч түүнд бий.

Монгол Улс гадаад зах зээлд баялгийн үүдээ дэлгэснээс хойш дэлхийн хөрөнгө оруулагчдад Монголыг сурталчлах үүргийг үе үеийн Ерөнхийлөгчид нэр төртэй гүйцэтгэж ирсэн. Төрийн тэргүүнээр хоёронтаа сонгогдсон Ц.Элбэгдорж дэлхийн болон олон улсын эдийн засаг, бизнесийн чуулга, уулзалтад тогтмол, идэвх, санаачилгатай оролцож ирснийг бид мэднэ. Тэрбээр ардчилал, хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлээр дамжуулан олон улс дахь Монголын нэр хүндийг өсгөж, олон улсын хөрөнгө оруулагчдад эерэг мессеж түгээж буй. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн цогцлоосон энэ эрэмбийг шинэ Төрийн тэргүүн залгамжилж чадах уу.

Сонгууль тойрсон улс төр хаа холын хөрөнгийн зах зээлийг хөдөлгөжээ
Бидэнд итгээд мөнгөө өгчихсөн нэгэн хөрөнгө оруулагчаас Монгол Улсын шинэ Ерөнхийлөгчийн талаар санаа бодлыг нь асуутал “Тулхтай, буурь суурьтай хүн хэрэгтэй болов уу” хэмээн итгэл муутайхан хариулж байна. Бас нэрээ нууцлахыг хүссэн нэгэн хөрөнгө оруулагч “Бизнесийн зарчмыг ойлгодог, хөрөнгө оруулагчдыг хүндэтгэдэг байх нь чухал” хэмээн товчхон өгүүлэв. Нэгэн цагт Монголыг эрдэнэсийн авдар мэт үзэж, мөнгө цутгаж байсан хөрөнгө оруулагчид одоо хашир болжээ. Арга ч үгүй биз. Хэлснээсээ хэдэнтээ буцдаг, хоёр ч хонолгүй хуулиа өөрчилдөг Монгол Улсын бодлого тодорхойлогчид тэднийг ийм “хүмүүжүүлжээ”.

АЛСЫН АЖИГЛАЛТ ДУНДАХ БИДНИЙ ЖҮЖИГ

Сонгуульд ялж л байвал яасан ч яах вэ гэсэн шиг увайгүй гүтгэлэг, хүний мөсгүй аргууд улам гаарч байна. Нэгнийгээ эрлийз, хурлийзаар нь цоллож, эхнэр, хүүхдийг нь хүртэл бохир тоглоомондоо хутгадаг энэ зан эцэстээ Монголыг улам л муухай харагдуулж байгаа. Бид бие биенээ шавартай хутгах зуур тэд биднийг харан инээсээр суугаа биз. Тиймээс ч сонгууль тойрсон “дайн” Монголын нэр хүнд, гадаад зах зээл дэх бондуудад хүртэл нөлөөлөөд эхэлчихэж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар хөрш орнуудын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад эхэлсэн. Бас нэр дэвшигч тус бүрийн гадаад бодлогын туршлагыг харьцуулсан нийтлэлүүдийг ч Монголын талаар сонирхож, бичдэг гадаадын нийтлэлч, идэвхтэн бичигчид цацаад эхэлчихэж. Ерөнхийлөгчийн сонгууль тэдний анхаарлын төвд байгаагийн илрэл энэ.


Олгой хагаравч тогоон дотроо гэсэн ардын зүйр үг бий. Эдийн засгаа боддоггүй хоосон улстөржилт, популист зан хөрөнгө оруулагчид бүү хэл Монголын ард түмнийг залхаан цээрлүүлсэн. Хэд хоногийн настай энэ увайгүй “тулаан” өндөрлөсөн ч дэлхий эргэж, амьдрал үргэлжилнэ. Бидний ард Монгол гэх сэвтээж болшгүй эрх ашиг бий.

Эцэст нь, энэ удаагийн сонгууль, шинэ Ерөнхийлөгч дайжсан хөрөнгө оруулагчдыг улам үргээчихгүй гэж найдъя. Угтаа Монгол Улс одоо ч өргөн боломжийн бүс нутаг хэвээр байгааг хилийн чанадын хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрдөг. Энэ боломжийг илүү тодруулж, Монгол Улсад итгэх итгэл олон улсын дэвжээнд өсөх үү, буурах уу гэдгийг илтгэх бас нэг брэнд нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Ирэх сард Монгол төрийн жолоог атгахаар хэн ч сонгогдсон байсан мөнгөөр ангасан энэ жижигхээн эдийн засгийг ундаалах хөрөнгө татаж, томоохон төслүүдийг хөдөлгөхөд Засгийн газартай гар нийлэн ажиллана гэж найдах л үлдлээ.

САНАЛ БОЛГОХ