Томчуудын өрсөлдөөний шинэ талбар
Дуртай дуугаа сонсохын тулд нэрийг нь хэлэхэд хангалттай
Аpple, Google зэрэг технологийн “акул” компаниудын өрсөлдөөн зөвхөн зөөврийн компьютер, гар утсаар хязгаарлагдахгүй. Тэдний “гал ассан” өрсөлдөөний нэг талбар нь гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, тэр дундаа дуу өсгөгч болоод байна. Amazon компани 2015 онд Echo нэртэй дуу хоолойгоор удирддаг өсгөгч бүтээсэн. Үүний дараа 2016 онд Google Home өсгөгч худалдаанд гарсан. Эдгээр дуу өсгөгчид “тушаал” өгснөөр зөвхөн дуу сонсох биш, гэрэл, хөшиг зэргийг дуу хоолойгоороо удирдах боломж олгож байгаа юм. Ийм төрлийн өсгөгчийг ихэвчлэн 25-34 насныхан худалдан авдаг бөгөөд цаашид хэрэглэгчдийн тоо өсөх хандлагатай байгаа аж. АНУ-ын ухаалаг дуу өсгөгчийн зах зээлийн 70 гаруй хувийг Amazon Echo, 20 гаруй хувийг Google Home эзэлж байна.
Тэргүүлэгч Amazon Echo- ийн хувьд цаашид ч энэ байр сууриа алдахгүй, 2020 он гэхэд жилд 60 саяыг борлуулна гэсэн таамаглал гарчээ. Түүнчлэн 2020 он гэхэд 500 сая хэрэглэгчтэй болох төлөвтэй бөгөөд үүний 40 хувийг АНУ, 25 хувийг бусад орны хэрэглэгч эзлэх юм байна.
Харин энэ долоо хоногт Apple компанийн танилцуулсан 2.5 килограмм жинтэй, саарал, цагаан гэсэн хоёр өнгийн сонголттой ухаалаг өсгөгч технологийн хорхойтнуутын сонирхлыг татаад байна. Тус компани зургаан жилийн өмнөөс хэрэглээнд нэвтрүүлсэн Siri дуу хоолойгоор удирдах програм дээрээ үндэслэсэн Homepod өсгөгчийг бүтээжээ. Уг өсгөгч нь хөгжим тоглуулахын зэрэгцээ цаг агаар, замын түгжрэл, спортын тэмцээний үр дүн зэрэг өдөр тутмын хэрэгцээт мэдээллийг өгнө. Гэрийн аль ч хэсэгт байрлуулсан дундах тавилга, зайнаас үл хамааран дуу хоолойгоороо удирдах боломжтой аж. “Siri” гэж хэлэхэд програм тушаал хүлээн авахад бэлэн болох бөгөөд “Сонгодог хөгжим сонсмоор байна”, “Моана хүүхэлдэйн киноны дууг сонсъё”, “Өнөөдөр цаг агаар ямар байх вэ” зэрэг асуулт, хүсэлтийн хариуг тэр дор нь биелүүлнэ. Мөн дараагийн сонсох дуугаа ч захиалах боломжтой, тун ухаалаг хэрэгсэл юм. Apple HomePod өсгөгчийг ирэх арванхоёрдугаар сараас 349 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гаргана.
Зах зээлийн 70 гаруй хувийг Amazon Echo эзэлж байна
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй