СЗХ: Даатгалын хураамжийн 30 гаруй хувийг гадаадын давхар даатгалын компаниудад шилжүүлсэн

Мэдээ

Сүүлийн таван жилд Монгол Улсын даатгалын хураамжийн 30 гаруй хувь буюу 80 сая ам.долларыг гадаадын давхар даатгалын компаниудад шилжүүлсэн гэж Санхүүгийн Зохицуулах Хорооноос мэдээллээ. Харин Төв банкны сүүлийн таван жилийн төлбөрийн тэнцлийн тайланд дурдсанаар даатгалын салбарын гадаад гүйлгээ 236.4 сая ам.доллартай тэнцэж байна. Өөрөөр хэлбэл дээрх хоёр байгууллагын мэдээлэл 150 сая ам.долларын зөрүүтэй байна. Үүнийг даатгалын салбарын мөнгөн урсгал нэгдсэн бүртгэлгүй, компаниуд хилийн чанад руу хийсэн давхар даатгалын хураамжаа Санхүүгийн Зохицуулах Хороонд бүртгүүлдэггүйтэй холбоотой тус хорооны мэргэжилтэн тайлбарлалаа.

Үүнээс гадна 2016 оноос туршилтаар хэрэгжүүлж байгаа Хөдөө аж ахуйн давхар даатгалын төсөл албан ёсоор нэвтэрч байгааг төслийн удирдагч хэллээ. Тухайлбал, нэг тонн улаан буудайг 550 мянган төгрөгөөр даатгаж байгаа бөгөөд даатгалын хураамж аймаг, сумдын эрсдэлийн түвшнээс шалтгаалан 4-12 хувийн хооронд хэлбэлздэг байна. Даатгалын хураамжийн хувь анхлан даатгуулагчдад өндөр байгааг бууруулах арга зам эрэлхийлж байгаа талаар Даатгалын сангаас дурдсан байна. Хэрэв 2015 онд даатгалын тогтолцоо нэвтэрсэн бол ургац алдсан тариалан эрхлэгчид 120 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөр авах байжээ. Сүүлийн гурван жилд алдсан тариалалтын даатгуулах боломжит үнийн дүн нь 300 гаруй сая төгрөгөөр хэмжигдэж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээрийн 15 нь ердийн, хоёр нь урт хугацааны болон давхар даатгалын хэлбэрээр иргэдэд үйлчилж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ