Монголчуудад ашигтай шийдвэр

Спорт

Жүдо бөхийн холимог багийн төрөл Токиогийн олимпийн хөтөлбөрт багтлаа

Олон улсын олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, монголчуудад хамаатай хэд хэдэн чухал шийдвэр гаргалаа. Өмнөх хурлаар Токиогийн олимпийн спортын төрлүүдийг шийдсэн тул энэ удаа багц медалийн асуудлыг хэлэлцэв. Улмаар нийт 15 багц медаль нэмэх шийдвэр гаргажээ.

Жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо, нийт 14 багц медалийн төлөө өрсөлддөг. Тэгвэл энэ хурлаар дахин нэг багц медаль нэмүүлж чадлаа. Тухайлбал, холимог багийн төрөл олимпийн хөтөлбөрт багтжээ. Энэ бол сайн мэдээ. Манайхан медаль горьдох бас нэг төрөлтэй боллоо гэсэн үг. Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй жигдхэн сайн багтай. Тиймээс ямар ч өрсөлдөгчтэй таарсан хожно л гэж үзнэ.

Сүүлийн үед гудамжны сагс буюу 3х3 төрөл эрчтэй хөгжиж байгаа. Манайхан ч энэ төрөлд тив, дэлхийн хэмжээнд өндөр амжилт үзүүлж, тогтмол медаль авч буйг хүмүүс анзаарсан биз ээ. Тэгвэл Олон улсын сагсан бөмбөгийн холбоо маш сайн лоббидож чадсаны үр дүнд энэхүү төрөл Токиогийн олимпийн хөтөлбөрт бүл нэмлээ.

Сагсаар олимпийн наадамд өрсөлдөнө гэдэг бидний хувьд дэндүү хол сонсогдох нь мэдээж. Харин 3х3 төрөл бол өөр. Үүнийг манай тамирчдын гаргасан амжилтууд нотолно. Анх 2013 онд гудамжны сагсчид оюутны Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж, олны анхаарлыг татаж байв. Улмаар өнгөрсөн жил Азийн элсний наадамд үзүүрлэж, өмнөх амжилтаа гэнэтийнх биш гэдгийг баталсан. Харин энэ жил гурван хүнтэй сагсчдын багийн оргил үе тохиолоо. Тэд оюутны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, дараа нь тэр эрчээрээ оюутны Азийн аваргад түрүүлсэн юм. Ингэхдээ сагсан бөмбөгийн хөгжлөөр тивдээ тэргүүлдэг Малайз, Филиппин, Иран, Тайланд, Индонез, Хятадын багийг буулгаж авч чадсан. Энэ бүх амжилт нэгийг хэлээд байгаа биз.

Монголчууд сагсан бөмбөгөөр олон улсын тавцанд өрсөлдөхөд нурууны чац яах аргагүй дутдаг. Хоёр метр өндөртэй тамирчин үгүй болохоор самбарт дээрэлхүүлэх нь элбэг. Харин 3х3 сагсан бөмбөг бол дундаж нуруутай, олон талын авьяастай хүн тоглодог, нэг ёсондоо монголчуудад тохирсон төрөл. Тиймдээ ч амжилт гаргаад байгаа хэрэг.

Одоогоос зургаан сарын өмнө Олон улсын сагсан бөмбөгийн холбоо 3х3 төрлийн багуудад чансааны оноо олгож эхэлсэн. Өдгөө энэ чансаанд 179 орон багтжээ. Монголын тухайд чансааны 60-д бичигдэж буй нь чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй тус бүр найман баг л өрсөлдөнө. Эрхийн төлөөх өрсөлдөөн тун чанга гэсэн үг. Монголын багийн тухайд ирэх жил насанд хүрэгчдийн ДАШТ-д өрсөлдөж, дэлхийн томчуудтай гар зөрүүлэхийг төлөвлөж байгаа юм билээ. Дэлхийн аваргын эрхээ авахын тулд эхлээд тивийн аваргад амжилт гаргах ёстой. Тэгвэл энэ жилийн Азийн АШТ ирэх аравдугаар сард Улаанбаатар хотноо болох юм. Олимпийн төрөлд багтдаг багийн спорт тивийн аваргаа Монголд зохиож буй нь түүхэнд анхны тохиолдол болон үлдэх нь гарцаагүй.

Олимпод оролцох тамирчдын 45 хувийг эмэгтэйчүүд эзлэхээр болж байна

Харин боксын төрөлд эрэгтэйчүүдийн хоёр жинг хасаж, эмэгтэйчүүдийнх рүү шилжүүлсэн нь манайд ашиггүй шийдвэр болж байна. Манай гэзэгтэй боксчдын түвшин жил ирэх тусам уруудсаар байгаа. Тиймээс олимп, дэлхийгээс медаль авна гэдэг бараг боломжгүй мэт санагдаж байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн бокс дэлхийн хэмжээнд хөгжөөд удаагүй. Тиймээс зөв бодлогоор дэмжээд өгвөл 2020 онд биш юм аа гэхэд 2024 онд эмэгтэй боксчдоо олимпод харуулдан суух боломжтой.

Медалийн багцад орсон бусад өөрчлөлтөөс товчхон дурдвал, байт харвааны төрөлд холимог багийн тэмцээн нэмэгдсэн бол хүндийг өргөлтөд эрэгтэйчүүдийн нэг медаль хасагджээ. Түүнчлэн хөнгөн атлетикт багийн холимог буухиа төрөл нэмэгдсэн нь анхаарал татаж байна. Нэг баг эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр тамирчинтайгаар 4х400 метрийн буухиад уралдах юм. Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрүүдийг товчхон дүгнэвэл хүйсийн тэнцвэрийг хангах зарчим түлхүү баримталжээ. Үүний үр дүнд олимпод оролцох тамирчдын 45 хувийг эмэгтэйчүүд эзлэхээр болж байна. Энэ нь бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт юм.
САНАЛ БОЛГОХ