Ц.Элбэгдорж: “Эдийн засгийн коридор”-т онцгой анхаарч байна

Мэдээ

ШХАБ-ын үйл явц, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглаж байна

Казахстаны нийслэл Астана хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 17 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд ажиглагчийн хувиар оролцсон юм. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд хийж буй сүүлчийн айлчлал гэдгээрээ онцлог байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улс ШХАБ-д ажиглагчаар элссэнээс хойш тус байгууллагын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын болон бусад уулзалт, арга хэмжээнд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулахаар чармайж ирлээ. Манай улс ШХАБ-ын өргөжин тэлэх үйл явц, хөгжил дэвшил, цаашдын төлөв байдлыг анхааралтай ажиглан харж байна. Монгол Улс гадаад бодлогын залгамж чанараа тууштай хадгалж, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан гадаад бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж ирлээ.

ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. Манай улсын санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалт болон гурван талын хамтын ажиллагааны бусад механизм бүрдэж, амжилттай ажиллаж байна. Монголын “Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба зам” санаачилга болон ОХУ- ын Евроазийн эдийн засгийн холбоо, хамтын ажиллагааны механизмтай уялдуулан Монгол Улсын нутаг дэвсгэрээр “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт бид онцгой анхаарал тавьж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайруулан ОХУ, Европ болон БНХАУ, Азийг холбосон хамгийн дөт, хамгийн аюулгүй, хамгийн хялбар, хамгийн хямд дэд бүтцийг барьж байгуулах боломжтой. Эдгээр төсөл, хөтөлбөр хөрөнгө оруулагчдад томоохон орон зай нээх тул ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцогч улс орнуудыг идэвхтэй дэмжин оролцохыг уриалж байна.

Манай улс анхдагч эрчим хүчний нөөц ихтэй орны хувьд хөрш орнуудтайгаа эрчим хүчний дэд бүтцийн холбоог хөгжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллах бодлого баримталж байна. Манай орон нар, салхи, ус зэрэг сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцийг түшиглэн Ази, Номхон далайн бүс нутгийн эрчим хүчний системд нэгдэхэд чиглэсэн үр ашигтай, байгаль дэлхийд ээлтэй төслүүдийг хамтран хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна” гэлээ.

Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалт болсонгүй
ШХАБ-ын энэ удаагийн уулзалтаар Энэтхэг болон Пакистан улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болов. Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Евразийн 60 хувь, дэлхийн хүн амын бараг тал хувийг хамрахаар боллоо. 1996 онд ОХУ, БНХАУ, Казахстан, Тажикистан, Кыргызстан хамтран “Шанхайн тав” нэртэйгээр энэхүү байгууллагын үндэс суурийг нь тавьж байсан юм. 2001 онд Узбекистан тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш эгнээгээ өргөтгөөгүй байсан аж.

Онцлоход, энэ үеэр гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалт болсонгүй. Монгоп Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарыг ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр уулзах товтой байгаа хэмээн таамаглаж байсан юм. Монгоп Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар анхны уулзалт 2014 онд Тажикистаны нийслэл Душанбед, 2015 онд ОХУ-ын Уфа хотод, 2016 онд Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон ШХАБ-ын уулзалтын үеэр болсон. Өнгөрсөн онд Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон гурав удаагийн уулзалтаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх удаагийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Энэхүү урилгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авсан бол ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин тодорхой хариу өгөөгүй юм. Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг түлхүү хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болж, “Эдийн засгийн коридор” байгуулах баримт бичгийг үзэглэсэн. Баримт бичигт 30 гаруй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм.
САНАЛ БОЛГОХ