441 сая төгрөгийг хэнээс нэхэж, хариуцлагыг нь хэнд тооцох вэ
Энэ удаа фото сурвалжилгын дурандаа Гүнжийн нуурын орчин тойрныг буулгах зорилгоор бид Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороог зорив. Баянхошууны эцэст, гэр хорооллын дунд байрлах энэ нуур хөлгүй, доороосоо ундаргатай. Тиймдээ ч бороо ороход үерлэж, эргэн тойрон нь шавар шавхайгаар дүүрч, хүн явахын эцэсгүй болдог. Зам нь хүртэл суудлын автомашин явах аргагүй болдог талаар оршин суугчид нь гомдол гаргадаг юм билээ. Харин биднийг очиход замыг хайргаар хучиж, шавар шавхайд дарагддаг гэх ул мөр ор сураггүй болжээ. “Сонгуулийн сурталчилгаа эхэлсний маргааш хайрга авчирч асгасан” хэмээн 30 гаруй насны нэгэн залуу ярилаа.
Хойноос үлээх салхинд туугдсан хог, замаг нийлээд Гүнжийн нуурын урд эргийг бараг гурван метр гаруй өргөн болгожээ. Яг энэ эргийн захаар явган хүнд зориулан барьсан модон гүүрээр алхахад өмхийрсөн замаг, хогонд дарагдаж илжирсэн шаврын эхүүн үнэр ханхална.
Цааш хэсэг алхаад цементэн хавтангаар өрсөн явган хүний зам, хурц нар, хур бороонд хорогдох саравчны банз нь өм цөм дутсан байхтай таарав. Хүмүүс нэг, хоёроор нь зөөсөөр ийм төрхтэй болгосныг энд нарлаж суусан ээж нар хэлэв. Цэцгийн мандал, биеийн тамирын хэрэгслүүд ч бас эвдэрч хэмхэрсэн, эзэнгүйдсэн тохижилтын жишээ. Дулааны улиралд гагцхүү сагсны болон хүүхдийн тоглоомын талбайн үйлчлүүлэгчид л энд өнгө нэмэх аж.
Харин бүрий болж, гэгээ тасрахад энэ дүр зураг архичид, шоучдын цэнгээн, орилоон хашгинаар солигдож, шөнийн турш үргэлжилдэг гэнэ. Нуурын зүүн урд эрэг дээр орших ногоон дээвэртэй, цагаан шавар байшинд аж төрдөг, 40 хол давсан насны эгч “Шөнөжин орилж л байдаг юм. Дандаа л ийм байдаг. Бид ч тоодоггүй юм дөө” гэв. Ийм амьдрал буцалдаг гэдгийг “харийн” бидэнд илтгэх мэт нуурын захаар лонх, “үнээ” буюу 2.5 литрийн савлагаатай шар айрагны хуванцар савнууд хөглөрөх. Энэ бохирдол нуурыг амь оруулж буй үүлэн цахлай, хос ангиртай адил дархан эрхтэйгээр ийн заларч байгаа нь хариуцах эзэнгүй, арчлах албатгүй байгаатай холбоотой гэдгийг СХД-ийн 8 дугаар хорооны Засаг дарга Х.Эрдэнэтуяа хэлэв.
Уг нь хүүхдийн тоглоомын талбайн дэргэд харуулын улаан өнгөтэй тоосгон байр бий. Гэвч цалин хөлсийг нь төсөвлөж өгөөгүйн улмаас өнөөг хүртэл нуурыг манах эзэн “олдохгүй” байгаа аж. Гурван жилийн өмнө БОАЖНХЯ-ны захиалгаар хогондоо дарагдсан энэ нуурыг нийслэлийн 441 сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулсан. Харамсалтай нь одоо тэр их мөнгө салхинд хийсээ юу даа гэмээр өнгө төрхтэй болжээ. Нуурын тохижилтыг гүйцэтгэсэн “Гуулин тал” ХХК-ийн захирал Б.Батжаргал “Тэр хавьд дайсагнал ихтэй юм билээ. Бид гэрээний дагуу тохижилтыг нь гурван жил хариуцаж байна. Одоо явган хүний замыг нь хавтангаар биш цементээр хучаад, эвдэрч хэмхэрснийг нь янзлаад хүлээлгэж өгнө дөө” гэв.
Сонгуулийн сурталчилгаа эхэлсний маргааш хайрга авчирч асгажээ
2014 оноос жил бүр засаж сэлбэж байгаа ч оршин суугчдын ухамсар, холбогдох байгууллагын хариуцлагагүйн улмаас арга барж буйгаа Б.Батжаргал ярьсан юм. Ундарга нь нуурын дээхнэ байдаг тул хаахгүй гээд барьсан модон гүүр нь эхний жилдээ л эвдэрсэн аж. Анх тавьж байхад нь ч “Наад гүүрийг чинь энэ өвөл л түлээд дуусгачихна даа” хэмээн хүмүүс хэлж байжээ. “Тэд үнэн хэлсэн. Бид дараа жил нь дахиж янзалсан” хэмээн “Гуулин тал”- ын захирал ярилаа.
“Мөн ногоон байгууламжийг нь нэмэгдүүлэх зорилгоор мод суулгадаг. Харамсалтай нь, хүүхдүүд хүртэл орой очоод хугалаж, сугалаад авчихаар яах билээ. Өнгөрсөн жил бид хүүхдийн баяраар бэлэг тарааж, энэ нуур гоё байвал та нарын амьдрал ч сайхан байна” хэмээн учирласан гэж тэрбээр хэлсэн юм. Гэхдээ эднийх хог, хаягдал, орчны ариун цэврийг нь хариуцдаггүй аж. Цэвэрлэгээг нь хороо хариуцах ёстой гэнэ. Харин хорооны засаг дарга нь “Бид 14 хоногт нэг удаа цэвэрлэдэг. Удахгүй цэвэрлэнэ” гэдгээс өөр дэлгэрэнгүй тайлбар өгсөнгүй. Сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн тул цаг зав туйлын хомс байгаагаа Засаг дарга Х.Эрдэнэтуяа учирласан. Нийслэлд хоёрхон байдаг нуурын нэг болох Гүнжийн нуурын тохижилт гурав ч хүрэхгүй жилийн настай байгаагийн хариуцлагыг хэнд тооцож, салхинд хийсгэсэн 441 сая төгрөгийг хаанаас нэхэх вэ.
Гүнжийн нуурын тохижилт анх зураг төсөлд ингэж бууж байжээ.
Явган хүний замын хавтанг айлууд хашаа, гражаа тохижуулахаар нууцаар зөөсөөр ийм байдалтай болжээ.
Хөлгүй энэ нууранд хүүхэд осолдсон тохиолдол 2014 онд гарч байв.
Сэтгэлгүй оршин суугчдын гарт цэцгийн мандал ч бас өртжээ.
Нуурыг амь оруулж буй жигүүртний тухлах газраас хүмүүсийн хаясан хог, үүсгэсэн бохирдол бага багаар хороосоор.
Ойр хавийн айлуудын "манаач" нуурын байнгын зочдын нэг.
Савнаасаа бусдыг дийлдэг сархдын хоосон лонх орой үдшээр нуурын орчныг бохирдуулдаг гол хог.
Энд жил бүр мод суулгадаг ч хүүхдүүд тэр даруй хугалах, зарим хүн сугалаад аваад явчихдаг талаар тохижилтын ажил гүйцэтгэсэн "Гуулин тал" ХХК-ийн захирал хэлэв.