Нүүрсэнд нүүр өгөх цаг

Нийтлэл

Экологийн дайсан нүүрс эдийн засгийн нөхөр хийгээд найдвар болчихоод байна

“Glencore” нүүрсэнд найр тавьж байна. Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг болох энэ компани Австралийн зүүн эргийн нүүрсний уурхайд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцэж эхэлжээ. Угтаа цэнхэр гараг даяар нүүрснээс нүүр буруулах хөдөлгөөн өрнөж буй. Улстөрчдөөс эхлээд хөрөнгө оруулагчид хүртэл хүлэмжийн хийн эх булаг нүүрсийг нүд үзүүрлээд удсан. Гэтэл уул уурхайн салбарын түүчээ “Glencore” нүүрс рүү “урваж” буйн шалтгаан юу вэ.

Ирэх жилүүдэд хөгжиж буй орнууд, ялангуяа Ази даяар дэд бүтэц, бүтээн байгуулалтын их шуурга болно. Энэ аварга бүтээн байгуулалтыг нар, салхины эрчим хүчээр босгож хүчрэхгүй тул нүүрс ашиглахаас өөр аргагүй. Ийм тайлбарыг Англи, Шведийн хамтарсан “Glencore” компаниас хийсэн байна. Ингээд зогсохгүй ирэх 10 жилд нүүрс зах зээл дэх орон зайгаа алдахгүй гэсэн тооцоог ч гаргажээ. Ирэх жилүүдэд өрнөх бүтээн байгуулалт даган нүүрсний эрэлт ийнхүү нэмэгдэх төлөвтэй байна. Хэдийгээр хөгжингүй орнууд аман дээрээ хүлэмжийн хий ялгаруулдаг гэх шалтгаанаар нүүрснээс зайгаа барьж буй ч ачир дээрээ тэд бүр мөсөн ангижраагүй л байна.

Нарны эрчим хүчээр ган хайлуулж, зэс баяжуулах хэцүү тул коксжих нүүрсийг ашиглахаас өөр сонголтгүй. Үүнийг ч дэлхий ойлгож, нүүрсэнд тал засаад эхэлжээ. Зөвхөн Азийн дэд бүтцийг сайжруулахад ойрын 10 жилд 26 их наяд ам.долларын бүтээн байгуулалт шаардлагатай гэсэн Нүүрсэнд нүүр өгөх цаг судалгааг Азийн хөгжлийн банкнаас гаргасан байдаг. Энэ хэрээр нүүрсний хэрэгцээ, шаардлага нэмэгдсээр байгаа юм. Гагцхүү ийм учраас экологийн дайсан нүүрс эдийн засгийн нөхөр хийгээд найдвар болчихоод байна.

Үүний зэрэгцээ өсөн нэмэгдэж буй дэлхийн эрчим хүчний цангааг хэрхэн тайлах вэ гэдэг одоо ч асуултын тэмдэг хэвээр. Өдөр нь “асаж”, шөнө нь “унтдаг” нар, үе үе сэвэлзээд больчихдог салхины эрчим хүч нүүрсийг орлож чадах уу. Дэлхий даяар үл шавхагдах, сэргээгдэх эрчим хүч рүү сүүлийн хэдэн жил хошуурцгааж байгаа ч нүүрсийг орлочих найдвартай тоглогч өнөөг хүртэл зах зээлд гарч ирсэнгүй.

Байгалийн энэхүү түүхий эдийг хор мэт үзэж, хавчин гадуурхах зуур хар “алт”-ны ханш улам чангарсаар. Нүүрс үнэгүйдэх нь бүү хэл ханш нь харин ч “галзуурч”, тонн нь 300 ам.долларт хүрсэн үе ч бий. Нүүрс үнс болно гэсэн таамаг өдгөө замхарчихаад байна. Хаа холын Австралид болсон хар салхи хар “алт”-ны ханшийг дээш нь “нисгэж” дөнгөсөн. Өөрөөр хэлбэл, нүүрсний зах зээл ийм л савлагаатай, унана гээд шулуухан хэлэхэд хэцүү болжээ.

Нүүрсний эрэлтээр дэлхийд тэргүүлэгч Хятадаар жишээ авъя. Тус улсын удирдагчид нүүрснээс татгалзаж, орд, уурхайнхаа амыг хааж, олборлолтоо хумихаа хэзээнээс мэдэгдсэн. Гэтэл тус улсын нүүрсний импорт (коксжих, эрчим хүчний болон бусад төрөл) зөвхөн өнгөрсөн сард 22.2 сая тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 16.6 хувиар өссөн дүн. Оны эхний таван сарын байдлаар урд хөршийн нүүрсний импортын нийт хэмжээ 111 сая тонныг давжээ. Энэ мөн л өмнөх оны мөн үеийнхээс 30 хувиар өндөр өсөлт. Дэлхийн нийлүүлэлтийн үлэмж хэсгийг ганцаар “залгидаг” Хятадтай зэрэгцээд нүүрсийг хамгийн их “ад үздэг” Европын орнуудын эрэлт ч дорвитой буураагүй. Европын холбооны орнуудын нүүрсний эрчим хүчний хэмжээ буураад, буураад 2030 он гэхэд 114 гигаваттад хүрэх аж. Өөрөөр хэлбэл, дэлхий өнгөн дээрээ нүүрсийг “жигшиж” байгаа ч, үйлдлээрээ түүнд гар сунгасаар.

Дэлхийн тэргүүлэх эдийн засаг хүртэл нүүрсэнд тал засаад эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нүүрсийг улсынхаа эрчим хүчний шинэ эрин хэмээн тунхаглаад, тэр даруйдаа Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг "Парисын хэлэлцээр"-ийг орхилоо. Ерөнхийлөгч Дональд Трампын үзэж буйгаар нүүрстэй дайн зарласан энэ хэлэлцээр нь эдийн засгийн үр ашиггүй төдийгүй ажлын байрыг бууруулах сөрөг талтай аж. Тиймээс ч олон орны хүсэл, сонирхлыг умартан, цуцлах гэрээнд энэ сарын эхээр гарын үсэг зурсан юм. Үүнээс хэдхэн хоногийн дараа АНУ-ын Пеннсилвани мужид нүүрсний шинэ уурхай үүдээ нээж байх жишээтэй. Уг уурхайг нээхэд Пеннсилвани мужийн захиргаанаас гурван сая ам.долларын санхүүжилт олгосон байна. Д.Трампын засаг захиргаа нүүрсэнд хэрхэн найр тавьж буйн илрэл энэ биш гэж үү. Д.Трамп АНУ-ын засгийн эрхийг авснаас хойш тус улсын нүүрсний салбарт олон мянган ажлын байр бий болсон төдийгүй уул уурхайн салбар нь энэ оны эхний улиралд ахиу ашигтай ажиллажээ. Нэлээд эртнээс нүүрснээс татгалзсан Япон хүртэл эргээд хар “алт”- ыг түшиж эхлээд байхад АНУ ингэх нь аргагүй. Бид атомын эрчим хүч ашиглана хэмээн хэсэгтээ боловсон загнаж байсан арлын орон буцаад нүүрсийг найдвараа болгоод эхэлчихэж. Тиймээс л ирэх 10 жилд нүүрсэнд түшиглэсэн том хэмжээний 45 цахилгаан станц барихаар төлөвлөж сууна. Бас өнгөрсөн таван жилийн хугацаанд тус улсын нүүрсний импорт 10 гаруй хувиар өссөн гэх дүн ч байна.

Нүүрстэй дайн зарласан “Парисын хэлэлцээр” ч гацчихаад байгаа. АНУ гарсан тэр мөчөөс эхлээд дэлхийн 190 гаруй орон нэгдсэн энэ хэлэлцээрт эрсдэл нүүрлээд байна. Энэ бүгдээс үзэхэд нэг хэсэг нүүрснээс татгалзаж байсан дэлхий өдгөө өөрчлөгджээ. Нүүрсний мөхөл мөдхөн ирнэ хэмээн хашхирч явсан шинжээчид ч дуугаа хурааж эхэлсэн. Хэдийгээр эх дэлхийн тэнцвэрт байдлаас үүдэн нүүрснээс татгалзаж болох ч эдийн засаг гэх чухал хөшүүрэг үүнийг үл зөвшөөрч байна.

» Нүүрс эх дэлхийд хор хохиролтой ч цэнхэр гарагийн эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд онцгой үүрэгтэй байх нь.
» Хөгжингүй орнууд аман дээрээ хүлэмжийн хий ялгаруулдаг нүүрснээс зайгаа барьж буй ч ачир дээрээ тэд ч бүр мөсөн ангижраагүй л байна.
» Дэлхийн уул уурхайн салбарын тэргүүлэгчдийн нэг болох “Glencore” Австралийн зүүн эргийн нүүрсний уурхайд 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар хэлэлцэж эхэлжээ.
Тиймээс л эдийн засгаа дэмжихийн тулд нүүрстэй найрсаг харьцахаас горьгүйд хүрч буй нь энэ. Товчхондоо нүүрс эргэн ирж байна. Ингэхдээ тэр зүгээр ч нэг эргэн ирэхгүй нь. Байгальд хор хөнөөлтэй, хүний хүчээр “нүдсэн” өмнөх зууны хоцрогдлоосоо салж, технологиор “зэвсэглээд”, буцаад ирж байна. Нүүрсний салбар өдгөө илүү дэвшилтэт, илүү байгальд ээлтэй атлаа өндөр бүтээмжтэй болох замдаа оржээ. Америкийн шинжээчдийн зүгээс нүүрс олборлолт өндөр технологид суурилсан, уурхайчдаас илүү инженерүүд, нарийн мэргэжилтнүүдээс бүрдсэн салбар болон эргэн ирж буйг онцолж байна. Үүнтэй зэрэгцээд Дональд Трамп дэд бүтэц, бүтээн байгуулалтын төслүүдээ зүтгүүлж, нүүрсний салбарт татварын таатай нөхцөл бүрдүүлбэл энэ зах зээл эргэлт буцалтгүй сэргэхээр байгаа аж.

Тиймээс л шинжээчид нүүрсний төлөвийг бүүдгэр харахгүй байгаа. Хэдийгээр 5-6 жилийн өмнөх шиг нүүрсний ханш цойлохгүй ч уруудахгүй. Олон улсын санхүү, эдийн засгийн томоохон байгууллага болох Дэлхийн банк л гэхэд нүүрсний ханшийг энэ онд зургаан хувиар өснө гэж таамагласан байна. Ер нь өнгөрсөн жилийн эцсээс эрчээ авсан нүүрсний сэргэлт бидний ч магнайг тэнийлгэж байгаа. Энэ оны эхний таван сард монголчууд гадаад худалдаанаас тэрбум ам.долларын ашиг олсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ өсөлтийг нүүрс хангасан байгаа юм. Өнгөрсөн таван сарын хугацаанд нүүрсний экспортын орлого бараг тав дахин өсөж, нэг тэрбум ам.долларыг давсан. Гэтэл үүнтэй дүйх хэмжээний өндөр өсөлт үзүүлсэн экспортын бүтээгдэхүүн нүүрснээс өөр алга байна. Тэгэхээр Монголын эдийн засгийн гол хүч гадаад худалдааны ашигт хэр нөлөөлсөн нь тодорхой.

Хэдийгээр нүүрс эх дэлхийд хор хохиролтой ч цэнхэр гарагийн эдийн засгийн өсөлтийг тэтгэхэд онцгой үүрэгтэй байх нь. Тиймээс экологийн дайсан, эдийн засгийн нөхөр энэ түүхий эдээс бид шуудхан татгалзчихаж болохгүй. Харин хор хөнөөлийг нь бууруулж, экологид илүү ээлтэй болгоход нь анхаарч чадвал нүүрс олон жилийн турш эдийн засгийг тэтгэх нь тодорхой байна.


САНАЛ БОЛГОХ