Муу зээлээ эмчлэх гарц

Нийтлэл

Компанийн үйл ажиллагааг тогтмол бус арван жилийн хугацаатайгаар томъёолжээ

Банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсөж байна. Тодруулбал, энэ оны тавдугаар сарын байдлаар 1.1 их наяд төгрөгтэй тэнцлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7 хувиар өссөн дүн. Үндэсний статистикийн хорооноос банкуудын чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн есөн хувийг эзэлж байгааг мягмар гарагт мэдээлсэн юм. Чанаргүй зээлийн хэмжээ ийнхүү өнгөрсөн сард 0.4 нэгжээр өссөн байна. Эдийн засгийн хүндрэл санхүүгийн зах зээлийн 95 хувийг дангаар бүрдүүлж буй банкны салбарт нөлөөлж байгаа нь энэ.

Зээлийн эрсдэл нэмэгдэх хэрээр бизнесийн үйл ажиллагааг тэтгэх мөнгөний эргэлт удааширч, эрч нь саардаг. Ийм нөхцөлд банкууд зээл олголтоо хумих нь түгээмэл. Үүнээс үүдэж компани, аж ахуйн үйл ажиллагаанд доголдол гарч, сорилт тулгарах нь бий. Энэ байдлаас сэргийлэх олон арга хэмжээ байгаа. Түүний нэг нь Активын удирдлагын компани. Монголбанкны санаачилгаар Активын удирдлагын компанийн тухай хуулийн төслийг эхний байдлаар бэлэн болгожээ. Энэхүү төсөлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлсэн байна.

Манай улсын хувьд энэ талаар хуримтлуулсан туршлага нимгэн. Чанаргүй зээлийг цэгцлэх тусгай зориулалтын компани ажиллах эрхзүйн орчин бүрдээгүй нөхцөлд дээрх компани үйл ажиллагаа явуулах боломжгүй аж. Тиймээс эхний ээлжинд эрхзүйн орчныг бий болгохоор ажиллаж байгааг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албанаас мэдэгдсэн юм.

Олон улсад банкны салбарын чанаргүй зээлийн хэмжээ таван хувиас хэтэрсэн тохиолдолд Активын удирдлагын компани өөрсдийн арга хэмжээгээ авч эхэлдэг. Манай улсын хувьд ийм компани нь одоогоор бэлэн алга. Харин бий болгох шатанд ирээд байна.

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдэлд эзлэх хэмжээ байнга нэмэгдэж байгааг дээрх статистик тоон үзүүлэлтээс ажигласан байх. Тиймээс цаг алдалгүй эмчлэх шаардлагатайг эдийн засагчид хэлж байна. Дэлхий нийтийн туршлагаас харахад, Активын удирдлагын тогтолцоог Азийн орнууд хамгийн амжилттай хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, БНСУ-ын KAMCO компани Азийн санхүүгийн хямралын үед Өмнөд Солонгосын санхүүгийн тогтвортой байдлыг хангахад голлох үүргийг гүйцэтгэсэн ажээ. Чанаргүй активыг түргэн шуурхай шийдвэрлэснээр банкны эрсдэл даах болон зээлжих чадвар эрс дээшилж, өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ гэсэн үг. Хумигдаад байгаа банкуудын зээл олголт сэргэж эхэлнэ. Зээл шаардлагатай байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тэр хэрээр жигдэрч, хэвийн үргэлжлэх боломж, бололцоо бүрдэнэ. Тодруулбал, эдийн засгийн идэвхжил сэргэж, ажлын байр шинээр бий болох, улмаар өрхийн орлого тодорхой хэмжээгээр өсөхөд эерэг нөлөө үзүүлэхээр байна. Банкны зээлийн зах зээл агшиж байгаа энэ үед тусгай зохицуулалтын компанийн ач холбогдол өндөр.
Активын удирдлагын тогтолцоог Азийн орнууд амжилттай хэрэгжүүлж байжээ
Төв банк олон нийттэй харилцах харилцаагаа сайжруулах, олон улсын стандартад ойртуулах зорилгоор Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааг Монголбанк авч байгаа. Уг шугамаар ирсэн зөвлөх Нилс Вюнеманн “Монголын банкны салбарт тулгарч буй чанаргүй зээлийн хэмжээг удирдах боломжтой” хэмээн дүгнэсэн юм. Банкууд муу зээлээ шийдвэрлэхийн тулд тусгай активын нэгж байгуулж, улмаар зээлээ өөрсдөө хөөцөлдөж эхэлдэг. Энэ нь төдийлэн үр дүн байж чаддаггүй. Маш их зардал, чирэгдэл гарч байдаг. Банк болгон дэргэдээ ийм нэгж байгуулаад ирэхээр зардал нь системийн хэмжээнд томордог. Үүнийг нэгдсэн байдлаар шийдвэрлэхэд Активын удирдлагын компанийн тухай хуулийн төсөл хүлээлт үүсгэж байна. Хэрэв хуулийн төслийг УИХ цаг алдалгүй баталчихвал муу зээлээ эмчлэх боломжтой болох нь.

Банкны салбарт 1.1 их наяд төгрөгийн муу зээл төвлөрчихсөн байгаа. Үүнийг банкуудаас дээрх компани хямд үнээр худалдан авч, зээлийг эргэн төлүүлэхэд төвлөрч ажиллах үүрэг хүлээнэ. Тусгай зохицуулалтын статустай байх Активын удирдлагын компанийн үйл ажиллагаа албан ёссоор эхэлснээр арилжааны банкууд мөнгөтэй болно. Ингэснээр зээл олгох боломж нь нэмэгдэнэ. Одоогийн нөхцөлд чанаргүй зээлийн түвшин нэмэгдэх тусам зээл очих шаардлагатай аж ахуйн нэгж хөрөнгийн хомсдолд орж, банкны зээлд хамрагдаж чадахгүй болж байна. Үүнээс шалтгаалж эдийн засагт сөрөг нөлөө их гарах болсон. Тухайлбал, ажлын байрны орон тоо цөөрч байх жишээтэй. Энэ нөлөөг арилгахад дээрх компанийн үүрэг оролцоо, үйл ажиллагаа чухал байна. Манай улсад шинээр бий болж байгаа Активын удирдлагын компанийн үйл ажиллагааг тогтмол бус арван жилийн хугацаатайгаар томъёолжээ. Энэ нь хуулийн төслийг хэлэлцэх явцад өөрчлөгдөж болох юм. Гол нь санхүүгийн зах зээлд эрсдэл даллаж байгаа муу зээлээ цэвэрлэх ажил урагшлахаас эдийн засаг тогтворжих, эсэх нь хамаарах юм.
САНАЛ БОЛГОХ