Хувцасны чамин “шивээс”
Хатгамал тансаг загварын шигтгээ болдог
Vogue сэтгүүл 2017 оны топ гоёл чимэглэлээр хатгамалтай жижиг цүнх болон углаашийг нэрлэсэн нь учиртай. Парис, Нью-Йоркийн загварын тайзнаа мэндэлсэн цэцгэн хатгамалтай тансаг загварууд энэ зун ч трэнд хэвээрээ байх нь. Gucci, Dolce Gabbana зэрэг “акул”-уудын шинэ коллекцод хатгамал ямар нэг хэмжээгээр орж байгаа бол алдарт Alexander McQueen бие нэвт харагдах торон даашинзуудаа цэцгэн хатгамлаар бүрж байна. Загвар зохион бүтээгчид гутал, цүнх, хүрэмээс эхлээд оймс, дотуур хувцас зэрэг дээр жижигхэн хатгамал нэмээд үнийг нь хэд дахин өсгөж чадахаар болжээ.
Хатгамал бол эртнээс улбаатай гар урлалын элемент. Түүхийн хуудсыг сөхвөл аль ч орны ноёд хаадын тансаг гоёл нь хатгамал байж ирсэн. Хүний гараар бүтсэн гэхэд итгэмээргүй чамин дүрслэлтэй хувцсуудыг соёлын үнэт өв болгон одоо ч хадгалдаг.
Жижигхэн хатгамал нэмээд үнийг нь хэд дахин өсгөх боломжтой
Монголчуудын хувьд хаад, хатдын энэ гоёл нэг хэсэг ор, дэрний бүтээлэг зэрэг ахуйн хэрэглээний гоёлоос төдийлөн хэтэрдэггүй байсан үе бий. Харин өнгөрсөн жилээс дэлхий нийтийг “шууруулсан” уг чиг хандлага энэ зун манайд эрчээ авч байна. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон “Гоёл 2017” наадамд “Торго” салон хатгамал бүхий дээл, хантааз, гоёлын даашинз танилцуулсан. Эдгээр загварууд өдгөө наадмын гоёлоо хайж буй загварт дурлагчдын дунд эрэлт их байгаа аж. Тухайлбал, “Michel and Amazonka” загварын салонд хатгамалтай хувцасны захиалга тасрахгүй байна. Тус салоны загвар зохион бүтээгч Ч.Нямханд “Өнгөрсөн жил Европын орнуудаас эхэлсэн хатгамалтай хувцасны трэндийг манайхан ид сонирхож байна. Манай салонд бүхий л төрлийн хувцсыг хатгамалтайгаар захиалж байгаа. Хатгамал хэдийгээр жижиг хэмжээтэй ч маш их гар ажиллагаа шаарддаг учраас харьцангуй үнэтэй байдаг. Гэхдээ тухайн хувцсыг илүү дэгжин, онцгой болгодог” гэв.
Мөн хатгамал нь торготой тун сайхан зохицдог учраас монгол үндэсний хэв маягтай хувцастай илүү тохирдог. Үндэсний баяр наадам дөхсөн тул загварын салонуудад үүлэн, усан, түмэн өлзий гээд үндэсний хээгээр хувцсаа чимэх гэсэн хүсэлт багагүй ирж байгаа аж. Хатгамал нь тухайн үндэсний онцлог, сэтгэлгээ, бэлгэдлийг агуулдгаараа онцлог. Тухайлбал, европчууд эрвээхий хайр дурлалыг, цэн тогоруу урт удаан тайван байдлыг, могой мэргэн ухааныг бэлгэддэг гэж үздэг. Мөн замбага цэцэг хайр энхрийллийг, намуу цэцэг эр хүний хүч чадал, загас санхүүгийн баталгаат байдлыг илтгэдэг байна. Бүсгүйчүүдийн хувьд тухайн хувцасны загвараас хамаарч жижиг хэмжээний хатгамал тохиромжтой. Харин эрчүүд илүү том хэмжээтэйг сонирхдог болохыг Д.Дэлгэрмөрөн, С.Амармандах, Э.Төрмандах зэрэг уран бүтээлчдийн хувцаснаас харж болох юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй