Монголын боломжийг тодотгов

Мэдээ

Монголын бизнесийн зөвлөлийн хоёр дахь удаагийн чуулган боллоо

“Монгол Улс хөрөнгө оруулагчдыг урин дуудаж байна” Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монголын бизнесийн зөвлөлийн чуулга, уулзалтад оролцох үеэрээ ийн мэдэгдлээ. Гэхдээ эдийн засаг нь сульдан доройтож, дампуурлаа зарлах дөхсөн улс биш. Харин хэдэн сарын өмнөөс сэргэж, зээлжих зэрэглэл нь тогтворжин, томоохон төслүүд нь бэлэн болсон Монгол Улс хөрөнгө оруулагчдыг даллаж буйг тэрбээр тодотголоо.

Монголын хувийн хэвшлийн дуу хоолой болсон Монголын бизнесийн зөвлөлөөс хоёр дахь удаагаа бизнес, эдийн засгийн чуулганыг зохион байгууллаа. БНХАУ, ОХУ, БНСУ, Францын Элчин сайд нар хүрэлцэн ирсэн уг чуулганд гадаад, дотоодын 300 гаруй компанийн төлөөлөл оролцсон байна. “Их тэнгэр” цогцолборт болсон энэ удаагийн чуулган “Азийн бүс нутгийн эдийн засгийн уялдаа холбоо”- г хөндсөн. Энэ нь ч учиртай. Өнгөрсөн сараас эхлээд бүс нутгийн хэлхээ холбоо тойрсон олон яриа, хэлэлцээ, чуулга уулзалт Еврази даяар өрнөсөн. Тиймээс энэ жилийн эдийн засгийн халуун сэдэв болсон хэлхээ холбоог онцолсон нь энэ. Тэр тусмаа, хоёр тив холбосон хамгийн дөт бөгөөд аюулгүй зам болсон Монгол Улсын үүрэг оролцоо, боломжийг эрэлхийлжээ.

Тив холбосон дэд бүтцийн сүлжээ байгуулах “Нэг зам, нэг бүс” санаачилгад нэгдэхээ Монгол Улс идэвхтэй илэрхийлсээр ирсэн. Энэ санаачилгын хүрээнд Эдийн засгийн зургаан коридор байгуулах бөгөөд нэг нь Монгол, ОХУ, БНХАУ- ыг дайрч буй. Уг коридорын хүрээнд нийт 32 төсөл хэрэгжүүлэхээс одоогоор нэн чухал зургаан төслийг сонгон, саналаа хүргүүлсэн талаар Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболд мэдээллээ.

Чуулганы үеэр ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Азизов “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг шинэчлэх тохиролцоонд хүрсэн” гэж мэдэгдлээ. Ингэснээр манай улсын дамжин өнгөрүүлэх ачаа тээврийн хүчин чадал 5-10 сая тонноор нэмэгдэх тооцоо гарчээ. БНСУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун чуулганы үеэр Монгол, БНСУ-ын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээ гурав дахь шатандаа шилжсэнийг онцолсон. Мөн тэрбээр нэгэн чихэнд чимэгтэй мэдээ дуулгасан нь Өмнөд Солонгос, Японы хамтарсан, технологийн сан Монголд хөрөнгө оруулахаар шийджээ. Тус сангийн хурал саяхан Токио хотод болсон бөгөөд удаах уулзалтаа Улаанбаатарт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Үүнтэй зэрэгцээд Монгол Улс ч дэд бүтцийн төслүүдээ урагшлуулж буй. Засгийн газраас “Хөгжлийн зам” хөтөлбөрийг батлаад удаагүй байна. Бас өнгөрсөн жилүүдэд тасраад байсан Монголоор дамжуулан ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх газрын тосны тээврийг дахин сэргээжээ. Мөн Алтанбулаг- Замын-Үүд чиглэлийн төмөр замын тээх, нэвтрүүлэх чадварыг өргөтгөж байгаа юм. Монголын бизнесийн зөвлөлийн чуулганы үеэр “Эрдэнэс Монгол” компани Францын APE компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай Улсын төрийн өмчит, стратегийн ач холбогдол бүхий томоохон ордуудыг эзэмшдэг тус компани Францын төрийн өмчит APE компаниас тэргүүн туршлага судалж, менежментээ сайжруулахаар түншилжээ. Түүнчлэн “Эрдэнэс Монгол” компани зах зээлийн үнэлгээгээ энэ оны эцэс гэхэд бүрэн тогтоож дуусгах төлөвтэй байна.


“МОНГОЛ БОЛ БИЗНЕСИЙН ЭВДЭГДЭЭГҮЙ ТАЛБАР”
Хэчнээн өөдрөг, өгөөжтэй төсөл, санаачилга байлаа гээд түүнийг хөдөлгөх хөрөнгө оруулалт л үгүй бол хий хоосноос өөрцгүй гэдгийг чуулганд оролцогчид онцолж байна. Тиймээс бүс нутаг даяар хүчээ авч буй төсөл, хөтөлбөрүүдийг урагшлуулахад санхүүжилт чухал. Азийн хөгжлийн банкны тооцоогоор энэ бүс нутгийн өсөлтийг дэмжихэд 2016-2030 онд 26 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа аж.

Энэ мөнгөний 14.7 их наядыг эрчим хүч, 8.4 их наяд ам.долларыг зам тээвэрт зарцуулах тооцоо гарчээ. Мөн харилцаа холбооны хөрөнгө оруулалт 2.3 их наяд, ус, эрүүл ахуйн зардал 800 тэрбум ам.доллар хүрэхээр байна. Өөрөөр хэлбэл, Ази тив ирэх жилүүдэд хөрөнгө оруулалт нэхсээр байх нь. Үүнд зөвхөн олон улсын байгууллагууд, улс орны Засгийн газраар зогсохгүй гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт чухал болохыг төлөөлөгчид онцолж байна. Гэхдээ хөрөнгө оруулагчдыг дуудах санаачилга Засгийн газраас гарах учиртай аж. Тиймээс “Монголын төр, засгийн зүгээс макро эдийн засгаа тогтвортой байлгах, засаглалын эрсдэлийг бууруулах, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын төлөө ажиллана” гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ. Монгол бол бизнесийн эвдэгдээгүй талбар. Тиймээс ч санхүүжилтийн схем, загварын хувьд нь цоо шинэ, оновчтой арга барил шаардлагатай гэж “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт үзэж байна. Ер нь дэлхийн бизнес, эдийн засгийн хандлага өөрчлөгдөж байгаа. Улс орнууд улам бие биеэсээ хамааралтай болж, бүс нутгийн хөгжил, хөдөлгөөнтэй салшгүй холбоотой болж байна. Тиймээс улам нягтарч, уялдаа холбоогоо бэхжүүлж чадсан нь ахиу өгөөж хүртэж, хөгжлөө түргэсгэх боломжтой ажээ.

ХЯМД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭРИН

Энэ удаагийн чуулганаар эрчим хүчийг ч орхисонгүй. Энэ салбар нь Евразийн хамтын ажиллагааны хамгийн чухал талбар аж. Учир нь Азийн эрчим хүчний зах зээл хурдтай өсөж байгаа бөгөөд цаашид энэ хэмнэлээ алдахгүй. Тухайлбал, Азийн эрчим хүчний зах зээл Европынхоос даруй 1.5 дахин том. Бүс нутаг даяар эрчим хүчний эрэлт, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа ч үнэ буурах хандлага ажиглагдаж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний үнэ Энэтхэг, Японд хурдацтай буурч эхэллээ. Гэхдээ дан ганц сэргээгдэх эрчим хүчээр дагнаж, хэт найдах нь эрсдэлтэй гэдгийг хөрөнгө оруулагчид онцолж байна.

АНУ Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Парисын хэлэлцээрээс гарахаа албан ёсоор мэдэгдсэн. Энэ нь Европын орнууд болон БНХАУ- д сэргээгдэх эрчим хүчийг улам хөгжүүлэх боломж, хийгээд хариуцлага үүрүүлж байгаа ажээ. Хөрөнгө оруулалтын “Soft- Bank”-ны төлөөлөл чуулганд оролцсон. Тус банкны Эрчим хүчний корпорацийн захирал Шигэки Мивагийн хэлснээр Японд нэг киловатт цаг эрчим хүчний үнэ Азийн бусад улстай харьцуулахад өндөр буюу 0.25 цент байгаа аж.

Хэрэв Азийн эрчим хүчний супер сүлжээг бий болговол Япон улс гол худалдан авагч байх боломжтой. Мөн бүс нутгийн болон улс хоорондын мөргөлдөөнүүд эрчим хүчний хямд эх үүсвэрийн төлөөх тэмцлээс үүдэн гарч байгааг тэрбээр онцоллоо. Тиймээс эрчим хүчний эх үүсвэрийн арвин их нөөцтэй улсууд баялгаа ашиглаж чадвал үлэмж хэмжээний мөнгөн урсгалыг татах боломжтой юм байна. Ялангуяа, Азийн супер сүлжээнд нэгдээд буй Монгол, БНХАУ зэрэг улсад эдийн засгийн шинэ хөдөлгүүр бий болно гэсэн тооцоо гарчээ.

Энэ мэт Ази цаашлаад Монголын худалдаа, эдийн засгийн боломжуудыг хэлэлцсэн бизнес, эдийн засгийн чуулган өндөрлөлөө. Дашрамд дурдахад, 2007 онд үүсгэн байгуулагдсан Монголын бизнесийн зөвлөл нь дотоод, гадаадын 240 гаруй аж ахуйн нэгжийг нэгтгэсэн төр, хувийн хэвшил, Элчин сайдын яам, төрийн бус байгууллага, бизнесийн холбоодтой нягт хамтран ажилладаг байгууллага юм.
САНАЛ БОЛГОХ