ICSG: Зэсийн зах зээлийн илүүдэл I улиралд 165 мянган тонн байсан
Дэлхийн зэсийн зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл хадгалагдсаар байна. “International Copper Study Group” судалгааны байгууллагын мэдээлснээр энэ оны эхний улиралд зах зээлд 165 мянган тонн зэсийн илүүдэл бүртгэгджээ. Энэ нь нийт зах зээлийн эрэлтийн 47 хувийг бүрдүүлж байгаа БНХАУ-ын хэрэглээ буурсантай холбоотой гэж дээрх байгууллагын шинжээчид тайлбарлаж байна. Тайлант хугацаанд дэлхий даяар зэсийн хүдэр олборлолт 3.5 хувиар буурч, 4.6 сая метр тоннд хүрчээ. Харин баяжмал үйлдвэрлэл гурав орчим хувиар буурсан байна. Үүнд Чили, Монгол болон Канадын зэсийн хүдэр олборлолт, баяжмалын үйлдвэрлэл буурсан явдал гол жин даржээ. Ялангуяа Чилийн нийлүүлэлт жилийн өмнөх үетэй харьцуулахад 14 хувиар буурчээ. Харин Мексик болон Перуд олборлолт, гарцын хэмжээ 9-17 хувиар өссөн дүнтэй байна. Өнгөрсөн жилийн мөн үед хараахан ашиглалтад ороогүй байсан уурхайнууд болон уурхайн өргөтгөлийн ажлууд дуусаж, 2017 оны эхний улирлын тооцоонд тусгагдсан гэж “International Copper Study Group”-ийн тайланд дурджээ.
Мөн зэсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулалт нийт дүнгээр өмнөх оны мөн үеэс төдийлөн өөрчлөлтгүй 5.76 сая тонноор хэмжигдэж байгаа юм. Харин хэрэглээ тайлант хугацаанд гурав орчим хувиар буурч, 5.6 сая тоннд хүрчээ. БНХАУ-аас гадна АНУ, Германд зэсийн бүтээгдэхүүний хэрэглээ буурсан бол Япон, Энэтхэг болон Тайваньд өссөн дүнтэй гарсан байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй