Хөлбөмбөгийн одод татвараас зайлсхийсэн үү

Спорт

Сүүлийн үед хөлбөмбөгийн оддын татвараас зайлсхийсэн талаарх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тухайлбал, “Real Madrid” клубийн дасгалжуулагч асан, өдгөө Английн "Premier League"-ийн “Manchester United” клубийн дасгалжуулагчийн албыг хашиж байгаа Жозе Моуриньо болон Испанийн Эзэн хааны клубын довтлогч Криштиано Роналдо нарыг татвараас зайлсхийсэн гэж тус улсын прокурорууд үзээд байна. Португал мэргэжилтэн Жозе Моуриньог 3.3 сая еврогийн, харин дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Криштиано Роналдог 14.7 сая еврогийн татвараас зайлсхийсэн гэж буруутгасан юм. Харин үүний хариуд Криштиано Роналдо "Татвараас зайлсхийж, хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй" гэдгээ мэдэгдээд байна. Хэдий тийм боловч эдгээр асуудлыг шүүх хурлаар хэлэлцэх шаардлагатай эсэхийг Испанийн шүүгчид эцэслэн тогтооно.

Үүнээс гадна Испанийн алдарт Барселона клубийн довтлогч, дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси өнгөрсөн онд татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдаж, Барселона хотын шүүхээс 21 сарын хорих ял сонсож байсан ч Испанийн хуулийн дагуу хоёр жилийн доторх ял тэнсэн болж хувирдаг учраас тэрбээр хорих ял эдлээгүй юм. Хөлбөмбөгийн улирал завсарлаж, солилцоо наймааны цонх нээгдэх мөч ойртсон энэ үед Испанийн хөлбөмбөгийн ертөнцөд өрнөж буй үйл явдал дэлхий нийтийн анхаарлыг татсаар байна.




САНАЛ БОЛГОХ