С.Ганбаатартай холбоотой хэргийг дутуу шалгасан үндэслэлээр шүүхээс буцаав

Мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа С.Ганбаатартай холбоотой хэргийг дутуу шалгасан гэсэн үндэслэлээр шүүх буцаасан гэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх мэдээллээ. Захирамжаар С.Ганбаатарт холбогдох Сонгуулийн тухай хууль зөрчсөн зөрчлийн хэргийг дутуу шалгасан, шүүгчийн захирамжид дурдсан асуудлуудыг нэмж шалгуулахаар даалгавар өгч, цагдаагийн байгууллагад буцаан шийдвэрлэсэн байна. Үүнээс өмнө түүнийг БНСУ-ын иргэнээс 50 сая воны хандив авч байгаа бичлэг нь үнэн болохыг тогтоосон тухай Цагдаагийн Ерөнхий Газар пүрэв гарагт мэдээлсэн юм. Харин МАХН-ын гишүүн Ц.Шаравдорж С.Ганбаатарыг БНСУ-ын иргэнээс 50 сая воны хандив авсан гэж мэдээлсэн нь зохион байгуулалттай, тавилттай гэмт хэрэг гэж мэдэгджээ.

УИХ-аас 2016 онд баталсан Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь гадаадын иргэнээс мөнгө авах, сонгуулийн хандив босгох хориотой. Хандив өгөхийг хориглосон этгээд сонгуулийн хандив өгсөн бол буцаан шилжүүлэхээр хуульчилсан байдаг. Үүнийг зөрчин хандив өгөхийг хориглосон этгээдээс хандив хүлээн авсныг шүүх тогтоовол нэр дэвшигч С.Ганбаатар сонгуульд өрсөлдөх эрхгүй болж магадгүй юм. Нөгөө талаас санал хураалт болох дөхсөн учраас сонгуулиас өмнө түүний нэрийг татах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Энэ сарын 24-нд буюу сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр гурван нэр дэвшигчийн мэтгэлцээн болох товтой байгаа юм. Харин ирэх даваа гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж, монголчууд тав дахь Ерөнхийлөгчөө сонгоно.




САНАЛ БОЛГОХ