Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхлээд байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн санал хураалт эхэллээ. Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх нэг сая 978 мянга 298 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн байна. Улс орон даяар байгуулагдсан 1983 санал авах байраар санал авах ажиллагаа 22.00 цаг хүртэл зохион байгуулагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил бүрэн хангагдсан болохыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос ням гарагт албан ёсоор мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын үйл ажиллагаа үндсэндээ гурван үе шаттай явагдаж байна.
Зургаадугаар сарын 10-11-ний өдрүүдэд гадаадад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдээс санал авах ажиллагаа зохион байгуулагдсан юм. Саналаа өгөх хүсэлт гаргасан 7374 иргэн жагсаалтад бүртгэгдээд байснаас 66.8 хувийн ирцтэй буюу 4816 хүн саналаа өгсөн гэж Сонгуулийн Ерөнхий Хорооноос мэдээллээ. Харин саналыг тоолох ажиллагаа өнөөдөр 22.00 цагаас Сонгуулийн Ерөнхий Хороо дээр зохион байгуулагдана.
Үүнээс гадна зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа ням гарагт боллоо. Нийт 28 мянга 45 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгчээ. Харин өнөөдөр буюу зургаадугаар сарын 26-ны өглөөний 07.00 цагаас үндсэн санал авах ажиллагаа эхлээд байна. Сонгуулийн санал авах ажиллагаа 22.00 цагт улс орон даяар дуусгавар болж, санал авах байрууд хаалгаа барина.
Харин санал тоолох үйл явц, сонгуулийн үр дүнгийн мэдээллүүдийг Сонгуулийн Ерөнхий Хорооноос шуурхай байдлаар иргэдэд мэдээлэх талаар бэлтгэл ажлыг хангаад байгаа гэж мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй