Бүгд найрамдахчууд Эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг батлах санал хураалтыг хойшлууллаа

Мэдээ

Сенат дахь Бүгд Найрамдах намын гишүүд Эрүүл мэндийн даатгалын хуулийн төсөл батлах санал хураалтыг долоодугаар сарын дөрвөнд тохиох АНУ-ын Тусгаар тогтнолын баяр хүртэл хойшлуулснаа мэдэгдлээ. Энэ нь хуулийн эсрэг саналтай байгаа гишүүдийн бодлыг өөрчилж, санал хураалтад шаардлагатай дэмжлэгийг авахын тулд хуулийн төслийг дахин боловсруулах хугацаа олгож буй хэрэг ажээ. Бүгд Найрамдах нам өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн 2010 онд баталсан "Obamacare" Эрүүл мэндийн хуулийг цуцлуулахаар идэвхтэй шахалт үзүүлсээр байгаа юм. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн хуулийн төслийг дэмжихгүй байгаа Бүгд Найрамдах намын гишүүдийн тоо найм болоод байна. Хэдий тийм боловч энэхүү хуулийн төслийг батлахад Сенатад олонхын суудалтай Бүгд Найрамдах намын 52 гишүүний 50-ийнх нь санал шаардлагатай аж. Улмаар Ерөнхийлөгч Дональд Трамп Барак Обамагийн үеийн Эрүүл мэндийн хуулийг орлох шинэ хуулийн төслийн талаар хэлэлцэхээр Сенат дахь Бүгд Найрамдах намын гишүүдийг мягмар гарагт Цагаан ордонд хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Дональд Трамп АНУ-ын ард иргэдэд маш чухал энэ хуулийг батлах боломж байгааг Бүгд Найрамдах намын гишүүдэд хандан мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Бидэнд энэ нөхцөл байдлыг шийдвэрлэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Гэхдээ энэ хуулийн төслийг батлахад бидэнд 50-52 гишүүний санал шаардлагатай. Манай улсад Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжих ёстой. Гэхдээ энэ нь “Obamacare” лав биш. Учир нь энэ хууль сөрөг үр дагавар ихтэй. Бид шинэчлэлийг амжилттай хийж чадвал гайхалтай үр дүнд хүрнэ. Тиймээс бидэнд улсынхаа ард иргэд, олон нийтэд маш чухал хуулийг батлах боломж байгаа гэж би бодож байна" гэсэн байна.

Харин Сенатын олонхын бүлгийн дарга Митч Макконнелл "Бид энэ асуудлаар хэлэлцээнд хүрэхээр ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас бид Сенатын хэлэлцэх асуудлаас энэ хуулийн төслийг татаж авахгүй. Гэхдээ бид ахиц гаргасан гэж би харж байгаа. Ерөнхийлөгч зах зээлийн шинэчлэл болон эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэх асуудлаар Бүгд Найрамдах намын гишүүдийн байр суурийг сонссон. Миний бодлоор энэ уулзалт өндөр ач холбогдолтой байлаа. Эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг батлах санал хураалт явуулах хүртэл багагүй хугацаа шаардлагатай болж байна" хэмээн онцолсон байна.

Энэхүү хуулийг хэрэгжүүлж эхэлснээр 2026 он гэхэд эрүүл мэндийн даатгалгүй америкчуудын тоо 22 саяар нэмэгдэнэ гэдгийг Конгрессын төсвийн хороо даваа гарагт танилцуулсан судалгаандаа онцолжээ.




САНАЛ БОЛГОХ