Нийслэлийн хэмжээнд 83 төслийн 5871 айлын амины орон сууцны төсөл хэрэгжиж байна

Мэдээ

Улаанбаатар хотын хэмжээнд тавдугаар сарын байдлаар дөрвөн дүүрэгт 83 төслийн 5871 айлын амины орон сууцны төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс 1163 айлын 46 төсөл захиалга авч байгаа бол 3716 айлын 23 төслийн захиалга эхлээгүй байна. Харин 14 төслийн 993 айлын төсөл түр зогссон байна. Захиалга авч байгаа төслүүдийн 56 хувь нь ашиглалтад орсон, 44 хувь нь энэ онд ашиглалтад орохоор хүлээгдэж байгаа талаар “Тэнхлэг зууч” компаниас мэдээллээ. Эдгээр төслүүдийн нэг ам метрийн дундаж үнэ нэг сая 982 мянган төгрөг байна. Энэ нь өнгөрсөн сараас 0.13 хувиар өсжээ. Борлуулагдаж байгаа амины орон сууцны төслүүдийг байршил болоод дундаж үнэ ханшийн үзүүлэлтээр нь харвал, Хан-Уул дүүрэгт хамгийн олон болон өндөр үнэтэй төслүүд хэрэгжиж байна. Харин Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж байгаа амины орон сууцны үнэ хамгийн хямд буюу ам метр нь дунджаар 1.2 сая төгрөг байгаа ажээ. Байршил үнэ тогтоход хамгийн чухал нөлөөтэй байгаагаас гадна барилгад ашиглагдаж байгаа материал, орчин, үйлчилгээ зэрэг үзүүлэлтүүд үнэ өсөх бусад шалтгаан болдог.

Үүнээс гадна зэрэглэлээсээ хамаарч, амины орон сууцны үнэ харилцан адилгүй байна. Одоо хэрэгжиж байгаа төслүүдээс гадна цаашид энэхүү зах зээл тэлэх боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн удирдлагууд амины орон сууцанд нь нэгдсэн зохион байгуулалттайгаар хэсэгчилсэн инженерийн хангамжийн үйлчилгээг хүргэх "Сервис центр"-ийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Нэг "Сервис центр"-ийг байгуулснаар 200-300 өрхөд түгээлт хийх боломжтой болох юм.

Мөн Барилга, Хот Байгуулалтын яамнаас өөрийн өмчлөлийн газар дээр амины орон сууц барих тохиолдолд бага хүүтэй зээлд хамруулах төслийг боловсруулж байгаа бөгөөд Азийн Хөгжлийн банктай тохиролцох шатанд хэлэлцэж байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ