Худалдааг өргөжүүлэх шинэ санаачилга идэвхжив

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээг хэлэлцсэнгүй

Монгол, Оросын төв банкуудын дугуй ширээний уулзалт хоёр дахь өдрөө Улаанбаатарт үргэлжилж байна. 2015 онд ОХУ-д болж байсан энэхүү уулзалтад тухайн үед манай улсын төв банкны удирдлагууд оролцож байсан. Тэгвэл энэ удаагийн дугуй ширээний уулзалтад Оросын төв банкны дэд ерөнхийлөгч А.П.Торшина хүрэлцэн ирсэн бөгөөд түүний ахалсан баг дотор хойд хөршийн арилжааны банкны төлөөлөл давхар багтжээ.

Хоёр улсын гадаад худалдаа, банкны салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хоёр дахь уулзалтын зорилго чиглэж буй. Тиймээс банкууд хоорондоо мэдээлэл болон туршлага солилцох, хамтран ажиллах тусгай уулзалтуудыг энэ үеэр голлон хийлээ. Хоёр орны арилжааны банкууд 1997 оноос хоорондоо идэвхтэй харилцаж эхэлсэн байдаг. Гэвч худалдааны салбар өсөлт багатай байсан нь хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх болжээ. Тиймээс худалдааны санхүүжилт, төлбөр тооцооны нөхцөлийг цаашид хэрхэн сайжруулах боломж, гарц байгааг төв банкууд судалж эхэлсэн байна. ОХУ- ын дотоодын банкны салбарт өөрчлөлт, шинэчлэл идэвхтэй өрнөж байгаа аж.

Монголбанкны хувьд ОХУ-ын төв банкинд своп хэлцлийн гэрээ байгуулахаар өмнө нь хандсан. Гэвч Оросын талаас уг асуудалд дорвитой хариу өгөхгүй байсаар өдийг хүргэсэн. Тиймээс хоёр дахь уулзалтаар тодорхой нааштай шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт давамгайлж байлаа. Хэдий ийм боловч хойд хөршийн төв банкны дэд ерөнхийлөгч А.П.Торшина уг асуудлыг хоёр орны төрийн тэргүүний түвшинд яриа хэлэлцээрийн дүнд шийднэ гэсэн хариу өглөө. Ингэснээр үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээ байгуулах ажилд гацаа үүсэж байна. Өөрөөр хэлбэл, төр засгийн түвшинд хийх албан айлчлалын хүрээнд энэхүү гэрээний “хувь заяа” шийдэгдэх нь.

Үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээг манай улс урд хөрштэй 2011 онд байгуулсан. Харин ОХУ-тай хийсэн яриа хэлэлцээр ихээхэн удаашрах болсон. Чухамдаа хойд хөрштэй своп хэлцлийн гэрээ байгуулснаар дунд хугацаанд рублийн ханш тогтворжиход нөлөөлөх, улмаар ханшийн эрсдэлийг хаах давуу талтай юм. Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчдог болсонтой холбоотойгоор худалдаа, аялал жуулчлалын салбарт богино хугацаанд эрс өөрчлөлт гарч байгаа. Тиймээс үндэсний мөнгөн тэмдэгт солилцох гэрээ үр ашгаа өгнө гэж зарим эдийн засагч үзэж байна.

Монгол, Оросын төв банкуудын хоёр дахь удаагийн дугуй ширээний уулзалтаас дараагийн ээлжит хурлын тов өнөөдөр тодорно. Ирэх сарын эхээр Монгол, БНСУ-ын төв банкуудын ээлжит уулзалт Улаанбаатар болох бөгөөд сарын эцэст өмнөд хөршийн төв банкны удирдлагууд манай улсад айлчлах аж. Эдгээр уулзалт төв банкуудын хамтын ажиллагааг дээшлүүлэхэд чиглэх юм байна. Монголбанк бодлогын хүүгээ хамгийн сүүлд хоёр нэгжээр бууруулж, 12 хувь болгосон. ОХУ-ын төв банкны үзэж байгаагаар тус улсын эдийн засаг сэргэж эхэлсэн байна. Хойд хөршид инфляци энэ оны турш үргэлжлэн буурч, төв банкны зорилтот түвшинд буюу дөрвөн хувиас хэтрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь бодлогын хүүгээ зөөллөх эерэг нөхцөл болж мэдэх нь.


САНАЛ БОЛГОХ