Жэки Чан тэтгэвэрт гарах болоогүй
Кино
Вьетнам хүний дүрд тоглосонд шүтэн бишрэгчид нь дургүйцэв
Кино урлагт хагас зуун жил зүтгэж, 150 гаруй кинонд дүр бүтээсэн жүжигчин Жэки Чаны тоглосон “гаднын хүн” кино дэлгэцнээ гарах болоогүй. гэсэн ч кино сонирхогчдын анхаарал удахгүй нээлтээ хийх “Хүн аалз” цувралын шинэ ангийг алгасан өвгөн жүжигчний бүтээсэн сайн эцгийн дүрд төвлөрлөө. Өдгөө 63 настай жүжигчин Жэки Чан, мөн түүнтэй нас чацуу Холливудын од Пирс Броснан нарын тоглосон уг адал явдалт кино ирэх намар нээлтээ хийх юм.
Лондон хот дахь Хятад хороололд ирланд алан хядагчид бөмбөг дэлбэлснээр үйл явдал эхэлдэг. дэлбэрэлтэд ганц охиноо алдсан эцэг (Жэки Чан) алуурчдыг олж, өшөө авахаар шийдсэнээр кино өрнөнө. Хэргийг хариуцаж авсан их Британийн Засгийн газрын ажилтан (Пирс Броснан) алан хядагчдыг хэн болох талаарх сэжүүрийг мэдэж байгаа ч хэлэхээс татгалзана. Тиймд гэмт хэрэгтнүүдийг илчлэх дургүй байгаа түүнээс хүссэн мэдээллээ авахын тулд тагнаж, гарцаагүй байдалд оруулдаг. Хятад хороололд бяцхан зоогийн газар ажиллуудаг байсан даруу төлөв эцэг ийнхүү хэдхэн хоногийн дотор “аюултай” тэмцэгч болж хувирна. гэвч киноны төгсгөл хэрхэн өрнөж, алан хядагчдыг илчилж чадах, эсэх талаар кино багийнхан дэлгэхийг хүссэнгүй.
Их Британийн Лондон хотод дараалан болсон террорист халдлагын дараа энэхүү кино дэлгэцэнд гарах гэж буй. гэвч уг киног хоёр жилийн өмнөөс бүтээж эхэлсэн учраас дээрх үйл явдалтай холбоогүй гэж ойлгож болно. Түүнчлэн “гаднын хүн” киноны зохиолыг 1992 онд худалдаанд гарсан степен Леадерийн “Хятад хүн” номоос сэдэвлэжээ. номын нэрийг ийнхүү өөрчилсөн нь учиртай. Киноны зохиолд гол дүрийг нь хятад биш вьетнам хүн болгосон байдаг. Жэки Чаныг вьетнам хүний дүрд тоглож буйд дургүйцсэн шүтэн бишрэгчдийнх нь сэтгэгдэл интернэт ертөнцөд хөвөрч байна. Тэрбээр өмнө нь хятадаас өөр үндэстний дүрд тоглож байгаагүй юм. гэсэн ч Холливудын кинонд гол дүр бүтээлгүй удсан Жэки Чаныг ийнхүү өөрийн имиж болсон сайн залуугийн дүрээр эргэн ирж буйд кино сонирхогчид таатай хүлээн авч байна.
Жүжигчин Жэки Чаны тулалдах арга барил бусдаас өөр. Тэрбээр сандал, ширээ гэх мэт ойр зуурын эд зүйлсийг ашиглан хөгжилтэйгээр “тулалддаг”. Харин отгон кинонд нь түүний энэ арга барил харагдахгүй. “гаднын хүн” киноны найруулагч мартин Кэмпбелл “инээдмийн кино биш учраас Жэки Чаны тулалдах арга барилыг багагүй өөрчилж, илүү цэргийн техник оруулсан” гэжээ. Харин киноны сурталчилгааг үзсэн үзэгчид түүнийг хэрхэн тулалдахыг хараад “Жэки Чан тэтгэвэрт гарах болоогүй” хэмээн дүгнэж буй.
“Гаднын хүн” кино 30 сая ам.долларын өртөгөөр бүтжээ
Тэрбээр үүнээс өмнө 2010 онд “Хажуугийн хаалганы тагнуул” инээдмийн, адал явдалт кинонд тоглосон нь төдийлэн амжилт авчраагүй мөн. Киног 28 сая ам.доллараар бүтээж, 45.2 сая ам.долларын ашиг олсон байдаг. Үүнээс хойш Жэки Чан бүрэн хэмжээний кинонд гол дүр бүтээлгүй хэд хэдэн анимэйшнд дуу оруулаад байсан юм.
Харин “Гаднын хүн” кино 30 сая ам.долларын өртөгөөр бүтсэн. Хэрэв үзэгчдэд таалагдаж чадвал зардлаа нөхөхөөс гадна багагүй ашиг олох боломжтой шүүмжлэгчид тэмдэглэлээ.
Жүжигчин Жэки Чан 1960 оноос хойш нийт 150 гаруй кинонд дүр бүтээж, олон улсын хэмжээний кино наадмуудаас 28 удаа шагнал авсан. Мөн цөөнгүй киноны дуу дуулж, 20 цомог гаргасан байдаг. Түүний хөрөнгийг “Форбес” сэтгүүл 350 сая ам.доллараар үнэлсэн бөгөөд үүний зарим хэсгийг сайн үйлсэд зориулдаг юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй