Урагшлахыг сануулсан Азийн эрэлт

Эрчим хүч

Азийн супер сүлжээ хөрсөн дээр буувал эрчим хүч худалдан авах улсууд жагсаж байна

Хөрөнгө оруулагчид цөмийн эрчим хүчээс татгалзаад удлаа. 2011 онд Япон улсын “Фүкүшима 1” цөмийн цахилгаан станцад цунамигаас үүдэлтэй осол болж, их хэмжээний хохирол учирснаар олон улсын хөрөнгө оруулагчид энэ төрлийн эх үүсвэрийг санхүүжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Тухайлбал, Японы “Softbank” группийн үүсгэн байгуулагч Масаёши Сон эрчим хүчний байгальд ээлтэй эх үүсвэрт хөрөнгө оруулахаар хайж буйгаа зарлаж байв. Эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс 2011 оноос хойш энэ чиглэлийн бодлогоо эрс өөрчилсөн. Цөмийн хэд, хэдэн станцаа хааж, түүнийг орлох эх үүсвэрүүдийг нээж эхэлсэн. Тодруулбал, нэг хэсэг татгалзаж эхлээд байсан нүүрсний станцуудыг шинээр нээж байна. Ирэх 10 жилд л гэхэд нүүрсэнд түшиглэсэн том хэмжээний 45 цахилгаан станц барихаар төлөвлөжээ.

Нүүрсний импорт нь ч өсөөд эхэлсэн бөгөөд сүүлийн зургаан жилд 10 гаруй хувиар дээшлэв. Гэтэл нүүрсийг найдвар болгоод буй энэ улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа 30 орчим хувиар бууруулах амлалт авчихаад байгаа. Тиймээс эдийн засгийн үр өгөөжтэй атлаа экологид ээлтэй эрчим хүчний эх үүсвэр хайсаар байна.

Өдгөө биш ч ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах нь эдийн засгийн их гүрэн болох Японы нэг сорилт болохоор байгаа. Япончууд Азийн зарим улсаас өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэж байна.

Тухайлбал, нэг кВт эрчим хүчний үнэ Монгол Улсад таван центтэй тэнцэж байгаа бол Өмнөд Солонгост найм, Хятадад есөн цент хүрдэг. Гэтэл Японд эрчим хүчний үнэ хэд дахин өндөр буюу 22 центэд хэлбэлздэг. Эрчим хүч тойрсон бараан тоо, баримтуудыг анзаарсан Японы хөрөнгө оруулагчид шинэ эх үүсвэрийн эрэлд гарсан нь энэ. Тухайлбал, “Softbank” групп үндэстэн дамнасан эрчим хүчний төсөл болох “Азийн супер сүлжээ” санаачилгыг хэдэн жилийн өмнөөс гаргасан. Тус группийн зүгээс зөвхөн Япон бус Азийн эрчим хүчний эрэлт ирэх жилүүдэд нэмэгдэнэ гэж тооцож байна. Зөвхөн Зүүн хойд Азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Энэ бүс нутагт нефть болон цахилгаан эрчим хүчний эрэлт хоёр дахин, байгалийн хийн эрэлт гурав дахин өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна Азийн эрчим хүчний зах зээл Европынхтой харьцуулахад 1.5 дахин том. Ингээд бодохоор энэ бүс нутагт асар өргөн боломж бий.

“Одоогоос таван жилийн өмнө үндэстэн дамнасан эрчим хүчний сүлжээ байгуулна гэж ярихаар хүмүүс итгэхгүй, намайг шоолдог байлаа. Харин одоо эргээд энэ төслийн талаар сонирхож байна” хэмээн “Softbank” группийн үүсгэн байгуулагч Масаёши Со өгүүлжээ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний нийлүүлэлт эрчтэй нэмэгдэж, эдийн засагт мэдэгдэхүйц нөлөөлж буй нь Азийн супер сүлжээ санаачилгыг урагшлуулах гол хөшүүрэг болж буй аж.


Тиймээс ч энэ төсөлд хамтрахаа томоохон компаниуд илэрхийлээд байна. Ази дагасан эрэлтийг хангахын тулд салбарын элитүүд нэгджээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Японы

“Softbank” группийн санаачилгатай БНСУ-ын “Korea Electric Power Corp” буюу KEPCO, ОХУ-ын “Rosseti”, Хятадын “State Grid” хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. 2020 он гэхэд эхний хэсэг бэлэн болох энэ санаачилгын хүрээнд Монголд салхины эрчим хүч үйлдвэрлэн, дээрх дөрвөн улсад экспортолно. “Softbank” групп манай улсад сэргээгдэх эрчим хүчний “Салхит” төсөлд хөрөнгө оруулснаас хойш Монголын сэргээгдэх эрчим хүчний боломжийг сонирхож эхэлсэн юм. Тиймээс Азийн супер сүлжээ байгуулж, энэ нутгийн орнуудыг эрчим хүчээр хангах зорилго тээх болсон. Одоогоор эрчим хүч дамжуулах туршилт хийж байгаа. Тухайлбал, БНСУ болон Япон улс хоорондын хамгийн ойр хэсэг болох далайгаар цахилгаан дамжуулахаар туршиж байгаа ажээ.

Гэхдээ Азийн супер сүлжээнд нэг зүйл анхаарал татаж буй. Тодруулбал, ОХУ энэ төсөлд тун идэвхтэй оролцож байна. Тиймээс тус улсын эрчим хүчний томоохон компаниудын нэг “Rosseti” энэ төсөлд хамтран ажиллахаар гарын үсэг зуржээ.

» Өдгөө биш ч ирээдүйд өсөн нэмэгдэх эрчим хүчний хэрэглээг хангах нь эдийн засгийн их гүрэн болох Японы нэг сорилт болохоор байна.
» БНСУ болон Япон улс хоорондын хамгийн ойр хэсэг болох далайгаар цахилгаан дамжуулахаар туршиж байгаа ажээ.
» Өнгөрсөн оны аравдугаар сард Японы “Softbank” группийн санаачилгатай БНСУ-ын “Korea Electric Power Corp” буюу KEPCO, ОХУ-ын “Rosseti”, Хятадын “State Grid” хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой байв. Тэр үүднээс эрчим хүчний нөөцөөр баян ОХУ энэ боломжийг овоо хараандаа авсан хэрэг. Нефть, хийн экспортоор дэлхийд тэргүүлж, Европын эрчим хүчний томоохон нийлүүлэгч байж ирсэн тус улсын сонирхол одоо дорныг чиглэж буй нь энэ. Өнгөрсөн онд л гэхэд оросууд Ази, Номхон далайн бүс нутагт гаргасан нефтийн экспортоо 25 хувиар нэмсэн байна. Цаашдаа нефть, нүүрсний нийлүүлэлтээ хоёр дахин, байгалийн хийн нийлүүлэлтээ ес дахин нэмэх шаардлагатайг ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак хэлжээ.

Монголтой харьцуулахад Азитай газар нутгийн хувьд ойр биш ОХУ бүс нутаг дамнан эрчим хүч нийлүүлэхээр зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө гарган ажилдаа орлоо. Гэтэл бидэнд ийм нарийн төлөвлөгөө бий бил үү. Эрчим хүчний экспортогч болно гэсэн гэгээн мөрөөдлөөс хэтрэлгүй олон жилийг үзлээ. Бидэнд бэлэн байгаа боломжийг гадаадынхан олж хараад манайд эрчим хүчний том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байхад бид өнөө хэр дотоодоо хангачихаж чадахгүй сууна.

Хэрэв үнэхээр Азийн супер сүлжээ хөрсөн дээр буувал эрчим хүч худалдан авах улсууд жагсаж байгаа. Энэ жагсаалтын эхэнд Япон бичигдэж байгааг ч Азийн хөгжлийн банкны судалгаа харуулж байв. Дээрээс нь ОХУ, БНХАУ, БНСУ, Япон гэсэн дээр дурдсан дөрвөн улс Азийн нийт эрчим хүчний хэрэглээний 70 гаруй хувийг хэрэглэдэг байна.

Уг нь Япон болон Зүүн хойд Азийн бусад улсын өсөн нэмэгдэж буй хэрэглээнд тулгуурлан эрчим хүч экспортолж, валютын орлогоо зузаалах том амбийц Монгол Улсад ч бий. Нөөц баялаг ч хангалттай байгаа. Газар дороо нүүрс, занар, ураны асар их баялагтай, газар дээрээ нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй. Бид нар, салхины нөөцийнхөө ердөө 10 хувийг ашиглахад л дотоодын хэрэглээнээсээ 300 дахин их эрчим хүч үйлдвэрлэнэ гэсэн судлаачдын тооцоо байдаг. Гэтэл ийм арвин нөөцтэй Монгол Улс эрчим хүч экспортлох нь байтугай импортлоод сууж байна. Бид нүүрсээ ухаж аваад, хамгийн ойрын зах зээлд хямд өртгөөр гаргаж, богино хугацаанд ашиг олохоос илүүг хийж чадаагүйн баталгаа энэ. Монгол Улс цаашид илүү алсыг харсан бодлого, төлөвлөгөө гаргах хэрэгтэй байгааг Япон тэргүүтэй Азийн орнуудын өсөн нэмэгдэж буй эрэлт сануулсаар байна. Бид түргэн хөдлөхгүй бол Орос зэрэг улсад орон зайгаа алдчихаж мэднэ. Боломж биднийг хүлээгээд л сууж байхгүй болов уу.
САНАЛ БОЛГОХ