"Rolls-Royce"-ийн худалдан авагчдын нас залуужжээ
"Rolls-Royce-ийн худалдан авагчдын дундаж нас харьцангуй залуужиж байгаа нь гайхалтай хэрэг” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал мэдэгдлээ. Авто зах зээлийн судалгааны "Kelley Blue Book" байгууллагаас тогтоосноор "Rolls-Royce"-ийн худалдан авагчдын дундаж нас 45 байгаа юм. Харин олон улсын хэмжээнд тансаг зэрэглэлийн автомашин худалдан авдаг хүмүүсийн дундаж нас 50 байна. Хамгийн сонирхолтой нь жилийн өмнө "Rolls-Royce"-ийг сонгон худалдан авдаг хүмүүс дунджаар 56 настай байжээ.
Ийнхүү харьцангуй залуу хүмүүсийг татах нь тансаг зах зээлийнхний хувьд чухал асуудал байдаг. Учир нь хэдийгээр 50-иас дээш насныхан үнэнч хэрэглэгч байх хандлагатай ч тэдний нас ахих тусам байгалийн жамаар хэрэглэгчдийн тоо цөөрдөг байна. Мөн зах зээлд ахимаг настай хүмүүс голчлон хэрэглэдэг бүтээгдэхүүнийг залуу үеийнхэн сонирхох нь бага байдаг гэж салбарын шинжээчид тайлбарлалаа.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй