Нөхөн сэргээлт хийгээгүй компаниудын эрхийг цуцлахаар болжээ

Экологи

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар олон чухал асуудлыг шийдвэрлэсний дотор БОАЖЯ-наас оруулсан 2 ч асуудлыг хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт Гутайн давааны орчимд шаардагдах баримт бичиггүй хууль бусаар үйл ажиллагаа явуулж, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй “Юу Энд Би” ХХК-ийн ашиглалтын зөвшөөрөл, Завхан аймгийн Тэс сумын Дооно багийн нутагт хайгуул хийх явцдаа эвдсэн газартаа нөхөн сэргээлт хийгээгүй “Урд хутлаг-уул” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын хуралдаанаар цуцаллаа.

Мөн ойн хөнөөлт шавжинд идүүлсэн 220 мянган га талбайд тэмцлийн ажил нэн яаралтай явуулах БОАЖЯ-ны хүсэлтийг Засгийн газар хүлээн авч, нөөц хөрөнгөөсөө шаардлагатай 6 тэрбум 600 сая төгрөгийн санхүүжилтийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэхүү ажлыг хийснээр их хэмжээний ойн сан дахин сэргэн ургах чадваргүй болох, хатаж, хуурайшин байгаль орчинд асар их хэмжээний хохирол учруулахаас урьдчилан сэргийлж чадах юм.


САНАЛ БОЛГОХ